
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр “Засгийн Газар 100 мянган айлын орон сууц барина, үүний 40 мянгыг төр өөрөө барина” гэсэн мэдэгдэл хийж, барилгын салбарынхныг гүн шоконд орууллаа. Төртэй өрсөлдсөн хувийн хэвшлийн бизнест ямар ч боломж байхгүйг Тариалан эрхлэлтийн сан, ЖДҮ сан, Зам тээврийн төрийн мэдлийн компаниудын гээд төр оролцсон захын жишээнээс харж болно.
Хувийн хэвшлийнхэн ирэх 2030 он хүртэл 60 мянган айлын орон сууц барих тооцоотой байдаг. Тэгвэл төрийн компаниуд үлдсэн 40 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд Н.Учрал хэлэв. Төрийн компаниуд дампуурна гэж байдаггүй гэлцдэг. Харин хувийн хэвшил татвар, цалин, түрээс, захиалгын эрсдэл, зах зээлийн өдөр тутмын савалгаатай байдлаас үүдэн зах зээлд амьд үлдэх эсэх нь байнгын сорилт байдаг хуультай. Манай улсад энэ зарчим бүр ч хатуу.
Хэрэв төрийн компаниуд барилгын салбарт олноор орж ирвэл ашгийн төлөө бус татаасны зарчмаар ажиллаж эхлэх аюултай. Аюултай ч гэж дээ бараг л эхний жилээсээ улсын төсөвтөө улираасан зардал, менежментийн төлбөрүүдээ шахаад эхэлнэ. Одоо байгаа төрийн өмчийн компаниуд бол бодит жишээ, өнгөт хуулбар.
Амьдрал дээр хувийн компаниуд өөрийн хөрөнгө, банкны зээл, хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр тодорхой эрсдэл хүлээдэг. Харин төрийн компани төсвийн хөрөнгө, төрийн баталгаа, хөнгөлөлттэй санхүүжилт, төрийн өмчийн газарт давуу нөхцөлөөр хүрэх боломжтой учраас энд өрсөлдөөн биш аажмаар эдийн засгийн дарангуйлал үүсэх нөхцөлд хүргэх нь цаг хугацааны асуудал болно.
Ингэснээр хувийн компаниуд хөрөнгө оруулалтаа бууруулах, зах зээлээс гарах, шинэ компаниуд орж ирэх сонирхолгүй болж, нэг ёсны төр гэдэг ганцхан захиалагчтай, гүйцэтгэгчтэй коммунист салбар болох вий гэсэн болгоомжлол байна. Ингэхээр хувийн компанид эрсдэл хүлээж олон тэрбумын хөрөнгөө үнэгүйдүүлэхийн оронд төрийн компанийн ивээлд багтаж, зарагдахгүй гэх айдасгүйгээр олон мянган орон сууцыг зах зээлд сул чөлөөтэй нийлүүлж эхэлнэ. Үүнийг дагаад чанар, төлөвлөлт, стандартын хяналтын зарчим бүхэлдээ алдагдаж хариуцлага хүлээх эзэн биегүй хэдэн мянган авилгын хэргүүд овоорч орхино.
Төр уг нь өөрөө хяналт тавих, зохицуулах, дүрэм журам, хууль эрх зүйгээ тогтоох эрх бүхий байгууллага. Тэр хэрээр хувийн хэвшилд хатуурхаж, өөрийн компаниудаа эрх мэдлээр тоглуулах болно. Учир нь эрх баригчид өөрсдөө барилгын бизнес эрхэлбэл зөвхөн “халаасны хэдэн” компанид ашигтай шийдвэр гаргаж, өрсөлдөгч буюу хувийн компаниудад илүү хатуу нөхцөл тавих ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг нь жам. Зүүний бодлоготой хатуу капиталист зарчимд тулгуурладаг эрх баригч нам нэг ийм “Бүгдийг төр, бусдыг ард түмэн” зарчимтай нь олон жилийн засаглалаас нь харагддаг.
Эх үүсвэр тодорхойгүй төрийн олон гоё нэртэй хороолол, орон сууцны төслүүд
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын нэрийн өмнөөс асар популист гэмээр мэдэгдлүүд хийх болсон. Оюутолгойн ногдол ашгийг ард иргэддээ тараана гэснээ шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд татаж, хэрэглэхээр боллоо гэж молиго үмхүүлээд дуусаагүй байтал 100 мянган айлыг орон сууцанд оруулна гэсэн түүний амлалт хөрсөн дээр яаж хэрхэн хэрэгжих нь тун бүрхэг.
Одоогоор Засгийн данс бүртгэлд л гэхэд "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол гээд төрийн мэдлийн ердөө 3572 айлын орон сууц л байна. Энэ төслүүд бол сүүлийн 8 жилд уван цуван бөөн өр зээл, хэрүүл маргаан, хүү төлбөр болж арай гэж баригдаж буй орон сууцны төслүүд. Хэрэв энэ хурдаар 100 мянган айлын орон сууц барина гэвэл дахиад дор хаяж 40 жил шаардлагатай. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал 2027 онд 8238, 2028 онд 11,246, 2030 онд 40,000 орон сууц барина гэлээ. Хаанаас ямар эх үүсвэрээр яаж барих тухай харамсалтай нь хэлсэнгүй. Аливаа төсөл, ялангуяа орон сууцжуулалтын төсөл хөтөлбөрт маш их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Үүнийг ямар эх үүсвэрээр хэрхэн санхүүжүүлэх нь тухайн төслөөсөө ч чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг.
Ийм их хэмжээний айлын орон сууц барихын тулд газар, дэд бүтэц, барилга угсралт, санхүүжилтийн зардал, төрөөс олгох дэмжлэг, айлуудын төлбөр болон эргэн төлөгдөх нөхцөл зэргийг хамтад нь тооцох хэрэгтэй болно. Хэрэв 45 м2 бүхий 2 өрөө байрыг 40 мянган айлд тооцож үзэхэд барилгын өртөг дангаараа л 4,5 их наяд төгрөг болно. Гэтэл улсын төсөвт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг Оюутолгойн анхны ногдол ашгийг оруулан байж дөнгөж 2 их наядад тооцоход ийм хэмжээний санхүүжилтийг ямар ч бонд, хувьцаа гаргаад, бүр цаашлаад улсын төсвийн 70 хувийг нэг жилд дангаар бүрдүүлдэг уул уурхайн ирээдүйн орлогоо барьцаалаад ч босгох боломжгүй. Босголоо гэж үзэхэд түүнээс үүдсэн өр, төлбөр, хүү, инфляци, өдөр тутмын амьжиргаа, менежмент, төрийн үйлчилгээний урсгал зардал, цалин хөлсийг огт зарцуулалгүйгээр дор хаяж тасралтгүй 10 жил улсаараа шүд зуун гүрийх болж байна. Энэ бүхэн төрийн дааж чадах ачаа мөн гэж үү? Дээрх тооцоонд газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэг, томоохон дулаан, ус, цахилгааны эх үүсвэрийн зардлыг оруулаагүй гэдгийг сануулах нь зөв. Хэрэв эдгээр тооцоог оруулах болбол 7,5 их наядаас ч их тоо гарна.
Авилга цэцэглэх эх үндэс айсуй
Төр байшин бариад эхэлбэл манай авилгад идэгдсэн төрийн тогтолцоо улам данхайн томорч, хүнд суртал, дабл стандарт хязгаараас давах аюултай. Нэг л жишээ хэлэхэд газар, тендер, материалын худалдан авалт, туслан гүйцэтгэгч сонгох, барилгын үнэ тогтоох зэрэгт зурдаг гарын үсэг хэдэн тэрбумаар үнэлэгдээд талийж өгнө. Төрийн компани хувийн компаниудад ажил, гэрээ хуваарилахдаа ил тод бус байж өрсөлдөөнийг гажуудуулах үзэгдэл наад захын асуудал болж хувирна. Уг нь зах зээлийн эрүүл зарчим ажилладаг нийгэмд эрх баригчид орон сууцны төсөл хэрэгжүүлэхдээ дэд бүтцийн трас, газар чөлөөлөлтийн ойлгомжтой хууль эрх зүйн орчин, жишиг тооцох зах зээлийн үл маргах зарчмыг бий болгож өгөх л үүрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр оршин суугч, захиалагч зах зээлтэйгээ тохирдог юм.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.