
Японы KDDI компанийн охин компани болох Mobicom-ийн төлөөлөгчдийг тээвэрлэж явсан автомашины цуваанаас үүдэн Монголын Нөмрөгийн дархан цаазат газарт их хэмжээний түймэр гарсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
Японы Japan Daily цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, аравдугаар сарын 8-нд автомашины халалтаас хуурайшсан өвс шатаж, улмаар түймэр тархсан аж. Тус мэдээлэлд түймэр 468 мянга гаруй га талбайг хамарч, нэн ховор зэрлэг амьтдын амьдрах орчны бараг 80 хувьд нөлөөлсөн гэжээ.
Мөн KDDI болон Mobicom компаниуд уг явдалтай холбогдуулан уучлал хүсэж, тухайн баг сүлжээний туршилтын ажил гүйцэтгэж явсан хэмээн тайлбарласан тухай мэдээлсэн байна.
Гэвч автомашины цуваа зөвшөөрөлгүй ан агнуур хийж явсан эсэх асуудлаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эргэлзээ дэвшүүлж, улмаар холбогдох төрийн байгууллагууд хууль зүйн хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах байр суурь илэрхийлсэн гэж Japan Daily мэдээлжээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгаль экологийн өндөр ач холбогдолтой бүс нутаг юм. Хэрэв түймэр ийм хэмжээний талбайг хамарсан нь батлагдвал байгалийн экосистем, зэрлэг амьтдын амьдрах орчинд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.