
Энэ оны 5-р сарын 31-нд Монгол Улсын иргэн Д.Ариунсанаа буюу Лил Пума Сан Франциско хотод цагдаагийн алба хаагчидтай буудалцсан хэргээр саатуулагдсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн цацагдсан. Лил Пума нь хэрэг болох үед автомашинд Норрис Рийд /Norris Reed III/ хэмээх 36 настай залуутай хамт явсан тухай эх Сан Францискогийн цагдаа нар мэдээлжээ.
Хэрэг болох үеэр Цагдаагийн алба хаагчид автомашиныг бүслэн, дотор нь байсан хүмүүсийг бууж ирэхийг шаардсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдээллээр, жолооч Норрис Рийд III автомашинаас буух үедээ цагдаа нар руу гал нээсэн бөгөөд алба хаагчид хариу гал нээжээ.
Цагдаагийн газраас нийтэлсэн биедээ зүүдэг камерын бичлэгт алба хаагчид “Бууж ир, бууж ир, бууж ир” хэмээн удаа дараа шаардсаны дараа олон удаагийн буун дуу сонсогдож буй нь бичигдсэн байна.
Буудалцааны үеэр цагдаагийн алба хаагч Бриттни Тейлор (Brittney Taylor) болон Toyota автомашинд зорчиж явсан Д.Ариунсанаа (Ariunsanaa Dolgorsuren) нар бууны суманд өртсөн гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Лил Пумагийн жинхэнэ нэрийг Д.Ариунсанаа гэдэг аж.
Цагдаагийн мэдээллээр, буудалцааны дараа Норрис Рийд III хэргийн газраас зугтсан байна. Харин ойролцоогоор 90 минутын дараа түүнийг Bayshore Navigation Center төвийн орчимд сандал дээр сууж байхад нь илрүүлж, ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр баривчилжээ.
Баривчлах үед сэжигтэн .40 калибрын Glock гар буу болон үйлдвэрийн бус аргаар угсарсан, серийн дугааргүй “ghost gun” хэмээх галт зэвсэг биедээ авч явсан байсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. Сэжигтэн Норрис Рийд урьд нь хүчин, дээрэмдэх, хар тамхи, хулгай зэрэг хэргээр ял эдэлж байгаад суллагдаад удаагүй байхдаа энэ хэрэгт холбогдсон байдаг. Тэгвэл манай улсын Д.Ариунсанаа буюу Лил Пума хэрэг болох үеэр мансуурсан явж байсан байж болзошгүй бөгөөд хуулийнхан түүнийг цагдаагийн алба хаагч руу гал нээсэн, хууль ёсны шаардлага биелүүлэхээс татгалзсан, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хэрэглэсэн, хар тамхи тээвэрлэж явсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр бүх насаар нь хорих хүртэл ял оноож магадгүй байна. Одоогоор хэрэг шүүхийн шатанд шалгагдаж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Буудуулсан цагдаагийн алба хаагч, эдгэрч гэртээ гарчээ
Буудалцааны үеэр цагдаагийн алба хаагч Бриттни Тейлор хэмээх эмэгтэй амь насанд аюултай хүнд гэмтэл авч, хэд хэдэн удаа мэс засалд орсон байна. Харин одоо тэрээр эмнэлгээс гарч, гэр бүлийнхнийхээ хамт эдгэрч байгааг Сан-Францискогийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Ташрамд мэдээлэхэд, Лил Пума буюу Д.Ариунсанаа 2018 оноос эхлэн Youtube, Stream line зэрэг сошиал хуудаст монгол, гадаад уран бүтээлчид тэр дундаа хип хоп урсгал жанрын бүтээлүүдэд reaction streaming буюу сэтгэгдэл илэрхийлж видео оруулдаг влоггер болж танигдсан юм.
Т.Бат
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.