
Дорнод аймагт гарсан түймэр Хятадын Өвөр Монголын бүс нутагт тархах эрсдэлтэй болсон тул хилийн дагуу гал түймэртэй тэмцэх хүчийг нэмэгдүүлжээ.
Монгол Улсын Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймэр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нутагт тархах эрсдэл үүсгэснээр Хятадын тал хилийн бүсэд 3,400 гаруй онцгой байдлын алба хаагч, гал сөнөөгчийг дайчилсан байна. Энэ талаар South China Morning Post сонин өчигдөр мэдээлжээ.
Намрын хүчтэй салхи, ган хуурайшилтын улмаас галын тархалт эрчимжиж, БНХАУ-тай хиллэдэг бүс нутагт аюул учруулсан байна. Хятадын төрийн мэдлийн Xinhua агентлагийн мэдээлснээр, гал түймэртэй тэмцэх хүчнийг хилийн дагуу байршуулж, хүнд машин механизм ашиглан галын зурвасыг өргөжүүлэх, шатамхай ургамлыг цэвэрлэх, хил даван тархах галыг тогтоон барих арга хэмжээ авчээ.
Мөн түймрийн голомт орчимд зориудаар хур тунадас оруулах ажиллагаа явуулсны үр дүнд бага хэмжээний бороо орсон байна.
Хятадын талд гал тархаагүй гэж мэдээлжээ
Хятадын талын мэдээллээр, аравдугаар сарын 13-ны байдлаар улсын хилийн өөрийн талд ил гал болон утааны голомт ажиглагдаагүй бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэсэн ч түймэр дахин тархахаас сэргийлж, хилийн бүсэд хяналт шалгалтаа үргэлжлүүлжээ.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газраас аравдугаар сарын 14-нд түймрийг цурамд оруулсан талаар мэдээлсэн бөгөөд бүрэн унтраах, дахин асахаас сэргийлэх ажиллагаа үргэлжилж байв.
Хил дамнасан байгалийн гамшгийн эрсдэл
Монголын нутагт гарсан хээрийн түймэр БНХАУ-ын хил даван тархах аюул өмнө нь ч үүсэж байжээ. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар аймагт гарсан түймэр Хятадын нутагт нэвтэрсэн ч хилийн эргүүлийн зам, гаргасан галын зурвасын тусламжтайгаар тогтоон барьсан байна.
Мэргэжилтнүүд бэлчээрийн доройтол, газрын зохисгүй ашиглалт, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл нь бүс нутгийн байгалийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулдаг.
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.