
Цаг үе нь ингэж таарав уу, цахилдаг гөрөөс нь явж таарав уу. Намрын улс төр хэрүүлтэй, шуугиантай, зодоонтой өрнөж байна. Цаг хугацаагаар дурдвал Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын есөн шийдвэрийг танилцуулж эхэлснээс эхлэлтэй гэх үү дээ. Үүний дараагаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан дуулиант мэдэгдэл хийж “бөөн” баримт дэлгэж, хөөгдөөд бас болоогүй ШШГЕГ-ын дарга А.Намсаманд сайдаа “матаж” хэвлэлийн хурал хийж Монголын улс төр амттай бас үзүүштэй байгаа.
Харин энэ цаг хугацаанд Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн ногдол ашиг, ард түмний мөнгө гэж тоть шиг давтах аж. Асуудлынхаа гол цөм рүү оролгүй тойрч гүйсээр байгаа харагдана. Үнэнийг хэлэхэд Засгийн газар огцрох эсэхтэй нүүр тулсан байтал цаг хугацааг аргацаах мэт байгаа нь “хөөрхий”.
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганд оруулж иртэл “бойкот” хийж байгаа. Харин үүнтэй зэрэгцэн МАН доторх хагарал ил гарч УИХ-ын чуулганы ирц бүрдэлгүй гурав дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Засгийн газрын сайд нь томилогдоогүй, төсөв нь хэлэлцэгдэхгүй байсаар. Харин энэ хооронд Н.Учрал юу хийв.
Н.Учрал өнгөрөгч амралтын өдрөөр Өвөрхангай аймагт очиж, иргэдтэй биечлэн уулзаж, шууд дамжуулалт хийв. Шууд дамжуулалтаар иргэдэд “сонгуулийн амлалт” өгч пи ар хийж байх. Сонгуулийн амлалт гэдэг нь “Оюу толгойн ногдол ашигаа ард иргэддээ өгнө”, “Ард түмэндээ хишгээ хүртээх гэтэл ажил хийлгэхгүй байна” гэх мэт зүйл ярьж байх нь тэр.
Начир дээрээ Н.Учрал зодооны гүн рүү орохоос эмээж байгаа нь илт. “Манай Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна” гэх гэтэл хийх үүрэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байгаа.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Монгол Ардын намаа удирдаж чадалгүй “сулдаж”, Засгийн газрын “ганцхан” сайдаа томилж чадалгүй шалтаг тоочиж байгаа нь хэр хэмжээний Ерөнхий сайд, Намын дарга гэдэг нь харагдаж буй.
Нийслэлд УИХ нь хуралдахгүй, ЗГ-ын сайд нь томилогдохгүй, Төсөв нь хэлэлцэгдэхгүй байхад эрх баригч намын дарга, Ерөнхий сайд нь хөдөө яваад сонгуулийн сурталчилгаа яриад явна. Эцсийн эцэст нүүр тулах л ёстой Н.Учрал аа “зодоон”-ыхоо гүн рүү орооч ээ.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.