
АНУ-ын SpaceX компанийн бүтээсэн Starship сансрын хөлөг бямба гарагт тойрог замаас дэлхийд амжилттай эргэн ирж, анх хөөрсөн талбайдаа буухдаа хөөргөх цамхгийн аварга механик гарт газарджээ. Ингэснээр сансраас буцаж ирсэн Starship хөлгийг хөөргөх байгууламжийн механик гараар тосон авч газардуулсан анхны тохиолдол болжээ.
Илон Маск болон түүний багийнхны зорьсон нислэгийн оргил хэсэг ийнхүү амжилттай болсон бөгөөд хөлөг хөөрсөн газраасаа 22 цагийн дараа эргэн ирсэн байна.
Гэвч баасан гарагт Техас мужаас хөөрсний дараа пуужингийн нэгдүгээр шатны өргөгч хэсэг буцах ажиллагааны үеэр сүйрч, компанийн зорьж байсан хоёр шатны пуужинг хоёуланг нь механик гараар барьж авах туршилт бүрэн биелсэнгүй. Уг технологийг төгөлдөржүүлэх нь Сар болон Ангараг гараг руу хийх сансрын нислэгийг илүү шуурхай, хямд зардлаар гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Нэгдүгээр шатны пуужингийн хэлтэрхий Мексикийн буланд үлдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс хөвүүр байрлуулан бүсийг тусгаарлажээ. Харин зэвэрдэггүй гангаар бүтээсэн, сум хэлбэрийн Starship сансрын хөлөг хөөргөх талбайдаа босоо байрлалаар аажмаар доошилж, цамхгийн механик гарт баригдсан байна.
Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүр зураг мэт харагдсан энэхүү амжилт пуужингийн нэгдүгээр шатны бүтэлгүйтлийг хэсэг зуур мартагдуулжээ. Хөөргөх цамхгийн хоёр аварга механик гар хөлгийг агаарт тогтоон барих үед камерын дуранд сансрын хөлөг бүхэлдээ тод харагдаж байв.
SpaceX компанийн тайлбарлагч Дэн Хуот сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, “Үүнд итгэж байна уу? Хараач! Буцаад ирлээ!” хэмээн хашхирчээ.
Илон Маск энэ өдрийг “Гайхалтай өдөр” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр хөөргөх цамхагт гарч, сансрын хөлгийг гар утсаараа ойроос дүрсжүүлээд зогсохгүй тэвэрчээ. Улмаар X нийгмийн сүлжээнд “Гайхалтай харагдаж байна” хэмээн бичсэн байна.
SpaceX компанийн удирдлагуудын үзэж буйгаар, Starship хөлгийг хөөргөх цамхгийн механик гараар амжилттай барьж авсан нь түүнийг бүрэн дахин ашиглах боломжтойг харуулсан чухал алхам болжээ. Пуужин, сансрын хөлгийг дахин ашиглах нь дараагийн нислэгт бэлтгэх хугацааг богиносгож, зардлыг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм. Өмнөх нислэгээр өргөгч пуужинг буцаан барьж авах оролдлого амжилтгүй болсон ч SpaceX компани түүнээс өмнө ийм төрлийн туршилтаар өргөгч пуужинг гурван удаа амжилттай барьж авч байжээ.
NASA: Starship нь Сар руу хүн хүргэх хөтөлбөрийн чухал хэсэг
NASA SpaceX-ийн бямба гарагт хийсэн амжилттай туршилтыг сайшаан хүлээн авчээ. Тус агентлаг энэ арван жилийн сүүл гэхэд Artemis хөтөлбөрийн сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах, цаашлаад тэнд байнгын бааз байгуулах зорилгоор Starship төсөлд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа юм.
Харин Илон Маскийн зорилго үүнээс ч өргөн хүрээтэй. Тэрбээр олон тооны Starship хөлөг хөөргөж, Ангараг гараг дээр хүн төрөлхтний суурьшсан хот байгуулах хүсэлтэй байна.
NASA-гийн захирал Жаред Айзекман X нийгмийн сүлжээнд “Энэ бараг л ид шидийн мэт байлаа. Өдөр ирэх тусам итгэгчдийн тоо нэмэгдэж, бид зорьсон зорилгодоо нэг алхам ойртлоо” хэмээн бичжээ.
Starship дэлхийг 14 удаа тойрч, 26 хиймэл дагуулыг сансарт хүргэв
Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужинд тооцогдож буй 124 метр өндөр Starship пуужин баасан гарагийн үдээс хойш АНУ, Мексикийн хилийн ойролцоох Техас муж дахь SpaceX-ийн Starbase баазаас хөөрчээ.
Пуужингийн дээд шат нэгдүгээр шатны өргөгч хэсгээс амжилттай салж, тойрог замд гарсан байна. Улмаар шинэ үеийн 26 Starlink хиймэл дагуулыг сансарт байрлуулжээ.
Үүний дараа Starship дэлхийн гадаргаас 265 километрийн өндөрт тойрог замаар нисэхдээ өөрийнхөө болон дэлхийн гадаргын дүрс бичлэгийг Starlink сүлжээгээр дамжуулан шууд хүргэж байв. Сансрын хөлөг дэлхийг нийт 14 удаа тойрсон нь өмнөх туршилтын үеэр ердөө нэгээс хоёр удаа тойрсонтой харьцуулахад томоохон ахиц болсон байна.
Энэ нь SpaceX компани 2023 оноос хойш бүрэн хэмжээний Starship хөлгөөр хийсэн 15 дахь нислэг бөгөөд тойрог замд амжилттай хүрсэн хоёр дахь тохиолдол болжээ.
Компанийн мэдээлснээр, сансрын хөлгийн үндсэн системүүд, тэр дундаа агаар мандалд буцаж орох үеийн хэт өндөр температурт тэсвэрлэх зориулалттай дулааны хамгаалалтын бүрхүүл хэвийн ажилласан байна.
Харин пуужингийн нэгдүгээр шатны өргөгч хэсгийн хувьд хөдөлгүүрүүд буцах замдаа төлөвлөснөөс эрт унтарчээ. SpaceX компанийн төлөөлөгч Кейт Тайсегийн мэдээлснээр, чиглүүлэлтийн систем пуужин шаардлагатай байрлалдаа ороогүйг илрүүлж, түүнийг усан бүс рүү чиглүүлэхийн зэрэгцээ өөрийгөө устгах ажиллагааг автоматаар эхлүүлсэн байна. Инженерүүд уг ослын шалтгааныг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
NASA-гийн Сарны хөтөлбөрт Starship ямар үүрэг гүйцэтгэх вэ?
SpaceX ойрын хэдэн сарын хугацаанд Флорида муж дахь NASA-гийн Кеннедигийн сансрын төвөөс Starship хөлгүүдийг хөөргөж эхлэхээр төлөвлөж байна.
Энэ нь NASA-гийн дараагийн Artemis хөтөлбөрийн нислэгийн бэлтгэлийн нэг хэсэг болох юм. Тухайн нислэгээр сансрын нисгэгчид Саран дээр буухгүй, харин дэлхийн тойрог замд үлдэж, Сарны гадарга руу буух төхөөрөмжийн ажиллагааг туршихаар төлөвлөжээ.
Artemis III хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгч өөрсдийн сансрын хөлгийг SpaceX-ийн Starship болон Blue Origin компанийн Blue Moon төхөөрөмжтэй холбох ажиллагааг туршина.
Цаашид дээрх хоёр компани ээлжлэн сансрын нисгэгчдийг Сарны гадарга дээр хүргэх үүрэг гүйцэтгэх юм.
NASA-гийн төлөвлөгөөгөөр Artemis IV хөтөлбөрийг 2028 оноос эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь Аполло хөтөлбөрийн үеэс хойш буюу хагас зуун гаруй жилийн дараа хүн төрөлхтнийг Саран дээр дахин буулгах анхны нислэг болох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.