“Microsoft”-ийн дэлхий даяарх үйлчилгээний доголдол бүрэн сэргэжээ
 

“Microsoft”-ийн дэлхий даяарх үйлчилгээний доголдол бүрэн сэргэжээ

Microsoft компани бямба гарагт хэдэн цагийн турш үргэлжилсэн дэлхий нийтийг хамарсан техникийн саатлыг арилгаж, доголдолд өртсөн бүх хэрэглэгч болон бүс нутгийн үйлчилгээг бүрэн сэргээснээ мэдэгджээ.

Тус компанийн мэдээлснээр, асуудлын үндсэн шалтгааныг арилгах ажлыг дуусгаж, үйл ажиллагаа нь доголдсон хэвээр байсан хэрэглэгчид болон бүс нутгуудад үйлчилгээг хэвийн болгосон байна.

Доголдлын улмаас Microsoft 365 багцын Outlook цахим шуудан, Teams харилцааны платформ болон хиймэл оюун ухаанд суурилсан Copilot туслахын үйл ажиллагаа тасалджээ. Үйлчилгээний саатлын талаарх хэрэглэгчдийн гомдлыг бүртгэдэг Downdetector цахим платформд дэлхийн 74 улс, нутаг дэвсгэрээс мэдээлэл ирсэн байна.

Энэхүү саатал нь олон улсын төрийн байгууллага, шүүх, эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээврийн компани болон банкуудын үйл ажиллагаанд нөлөөлжээ. Япон, Сингапур, Австралийн Засгийн газар ч зарим байгууллагынхаа үйл ажиллагаанд уг доголдол нөлөөлсөн болохыг мэдээлсэн байна.

Microsoft-ийн цахим хуудсанд дурдсанаар, дэлхий даяар 430 сая гаруй хүн тус компанийн Microsoft 365 программ, үйлчилгээг ашигладаг. Техникийн саатал АНУ-ын цагаар пүрэв гарагийн үд дунд үеэс эхэлжээ.

Вашингтон мужийн Редмонд хотод төвтэй Microsoft компани баасан гарагт хэрэглэгчдээсээ уучлал хүсэхийн зэрэгцээ уг доголдол кибер халдлага болон хиймэл оюун ухааны агентуудтай холбоогүй болохыг мэдэгдсэн байна.

Компанийн тайлбараар, сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх өмнөх шинэчлэлтийн үеэр техникийн асуудал үүссэн бөгөөд сүлжээнд саяхан өөрчлөлт хийх үед уг доголдол илэрчээ.

Олон төрлийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн платформ нэг нийлүүлэгчийн дэд бүтцээс хамааралтай болсон нь ийнхүү нэг удаагийн саатлыг дэлхий даяар дам нөлөөтэй болгох эрсдэлтэйг энэ үйл явдал дахин харууллаа. АНУ-аас бусад орны зарим хууль тогтоогч ч уг тохиолдлыг Америкийн технологийн компаниудаас хэт хамааралтай байхын сөрөг үр дагаврын нэг гэж үзжээ.

Хэдэн хүн шууд өртсөн нь тодорхойгүй байгаа ч Microsoft компани энэ оны нэгдүгээр сард Microsoft 365-ийн төлбөртэй бизнесийн захиалгын тоо 450 сая давсныг мэдээлж байв.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна
 
Нөмрөгт учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулжээ
Нөмрөгт учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.