/2025.03.12/
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгов. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөлөө.
Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна
Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын Захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд ахална.
“Макро эдийн засаг тогтвортой байна. 2024 онд эдийн засаг 4.9 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наядад хүрсэн. 2025 оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьд хүрлээ. Гадаад валютын улсын нөөц тогтвортой байна. Голлох түүхий эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байна” гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Нэгдсэн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 22.8 хувиар буурч, эхний хоёр сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт буюу нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний хоёр сарын байдлаар нийт орлогын 12-14 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж өмнөх оны мөн үе болох 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан, үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.
"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан юм.
Энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах, дунд болон урт хугацааны нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж төсвийн орлого, валютын нөөцийг өсгөх, Тавантолгой чулуун нүүрсний бүлэг ордыг иж бүрэн ашиглах, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдаж тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх боломжтой. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг байгуулах нөхцөл бүрдэнэ.
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа
ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажил байна.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.
Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлж өргөжүүлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Хөгжлийн банкны эрх зүйн байдал, зорилт, зарчим, үйл ажиллагааны чиглэлийг бусад улсуудын Хөгжлийн банкны сайн жишигт тулгуурлан боловсруулжээ. Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлэн өргөжүүлэхээр тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.