Г.Гантуяа: PISA үнэлгээ энэ сарын 6-нд эхэлсэн, тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ
 

Г.Гантуяа: PISA үнэлгээ энэ сарын 6-нд эхэлсэн, тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ

/2025.3.12/ Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байна. Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид хамрагдаж байгаа уг үнэлгээ энэ сарын 6-аас албан ёсоор эхэлсэн ба ирэх тавдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх гэнэ. Уг үнэлгээний зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас дараах мэдээллийг авлаа.

-Монгол Улс 2022 онд анх удаа PISA олон улсын үнэлгээгээр сурагчдаа үнэлж байсан. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн үнэлгээнд хэчнээн сурагч оролцож байгаа вэ?
-
Манай улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа оролцож байсан. 2022 онд 193 сургуулийн 7,276 сурагч хамрагдаж байсан бол энэ жил 191 сургуулийн 7,446 сурагч оролцоно.

-Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээний гол онцлог нь юу вэ?
-
Олон улс орон хамрагддаг үнэлгээ тул тодорхой анги, боловсролын түвшнээр бус харин дунд ангиас ахлах анги руу шилжиж байгаа гэдэг утгаараа 15 настай сурагчид уг үнэлгээнд хамрагддаг. Сурагч нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг. Сургуулийн орчинд болон сургуулиас гадуур, бодит амьдралд тохиолдож болох, танил бус орчин нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлнэ гэсэн үг.

-Энэ удаагийн PISA үнэлгээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-
PISA үнэлгээ энэ сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Үнэлгээ ирэх тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Манай улсын 15 настай 62 мянга орчим сурагчдаас түүврийн аргаар сонгогдсон сурагчид уг үнэлгээнд хамрагдана.

-Түүврийн арга гэдэг нь манайхаас сурагчдаа сонгодог гэсэн үг үү?
-
Манай зүгээс 15 настай бүх сурагчдын мэдээллийг олон улсын үнэлгээний байгууллагад илгээдэг. Олон улсын үнэлгээний байгууллагын зүгээс улс орны онцлог, сургууль болон хүүхдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үзэж судалгаанд хамрагдах хүүхдүүдийг сонгож, бидэнд нэрсийг ирүүлдэг. Бидний зүгээс энэ үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй бөгөөд PISA-д оролцож байгаа бүх улс орнууд энэ зарчмыг дагана. Нэг сургуулиас хамрагдах сурагчийн тоо харилцан адилгүй байдаг.

-PISA бол нэг стандартаар явагддаг олон улсын үнэлгээний систем. Энэ удаагийн үнэлгээнд шинээр өөрчлөлт орсон зүйл байгаа юу?
-Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид нэг стандартын даалгавар, асуулгад хамрагдаж, үнэлэгдэнэ. Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Энэ удаагийн үнэлгээнд цахим орчинд суралцах чадварыг илрүүлэх зорилготой үнэлгээний шинэлэг даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн энэ жилийн нэг онцлог нь түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдаж байна.

-Эцэг эх, асран хамгаалагч болон багш нар асуулга, судалгаанд оролцохын ач холбогдол нь юу вэ?
-
Үнэлгээнд хамрагдсан сурагчдын үр дүнд илүү анализ хийж илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан бодит үр дүнг гаргах боломж бүрдэж байгаа хэрэг.

-PISA үнэлгээнд оролцохын давуу талыг та юу гэж харж байна?
PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах зэрэг олон давуу талтай. Монгол Улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, үнэлгээний эксперт, судлаачид болон багш сурагчид олон улсын түвшний үнэлгээний процесс үйл ажиллагаа, даалгавар, дата өгөгдөлтэй танилцах, туршлагаас судалж эх орондоо энэ туршлагыг нутагшуулах, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа нь мөн давуу тал юм.

АЙЛЧЛАЛ: Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АЙЛЧЛАЛ: Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.