ШИЙДВЭР:“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд БААСАН гаригт гарын үсэг зурна
Шуурхай мэдээ
 

ШИЙДВЭР:“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд БААСАН гаригт гарын үсэг зурна

/2025.01.15/

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.
“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.

Товч мэдээ
· Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

С.Дэмбэрэл: Аливаа шашны сургаалын гол үүрэг нь нийгэмд ёс зүй, ёс суртахууныг тогтоох юм
С.Дэмбэрэл: Аливаа шашны сургаалын гол үүрэг нь нийгэмд ёс зүй, ёс суртахууныг тогтоох юм
 
Монгол Улсын Ерөнхийлөгч БНТУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч БНТУ-д айлчилна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.