/2025.1.15/ Шашин судлал, шашны эрх чөлөөний талаар МУИС-ийн ФШСТ-ийн багш С.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
ШАШИН ГЭЖ ЮУ ВЭ?
-Яг ийм зүйлийг шашин гэж хэлнэ гэдэг тодорхойлолт нь юу юм бол?
-Шашныг соёл иргэншлээс хамаараад өөр өөрөөр тодорхойлж, тайлбарлаж байна. Тухайлбал, Баруунд нийтийн он тооллын 1-р зуунд Ромын их сэтгэгч Цицерон “Ер бусын далдын хүч, бурхан тэнгэрт итгэх итгэл үнэмшил, түүнтэй холбогдож, түүний авралд багтахын тулд тахиж шүтэх, залбирснаар ер бусын зан үйл хийдэг тахилын ёсыг шашин гэнэ” хэмээн тодорхойлжээ.
Дорно дахин, буддын сургаалд шашин гэдэг үг нь зааж сургах, номлол сургаал гэсэн утгыг илэрхийлдэг. Буддизмд шашныг “гэмт үйл, муу зуршлаас өөрийгөө татаж авах, үргэлж бусдад тустай сайн үйлийг хийх, хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг гэгээрүүлэх засах сургаал ном” гэж тодорхойлдог. Буддын шашинд сэтгэл гэдэг маш чухал гэж заана. Хүний сэтгэлээс бүх юм хамаарна. Хүний бодолд юу байна тэр амаар гарч хэлэгдэх бөгөөд үйлдэл болдог. Тиймээс сэтгэлийг амар амгалан байлгах ёстой, сэтгэлтэйгээ ажиллаж байх ёстой гэж сургадаг байна.
Харин өрнө дахинд шашин, тэнгэр бурхан нь ер бусын далдын хүчтэй холбоотой, бүтээгч эзэн нь ертөнц болон түүн дээр орших хүн, амьтан, байгалийг бүтээсэн гэж үзнэ. Тиймээс абрахамик төрлийн шашинд хүн бурханы авралд багтахын тулд түүнтэй байгуулсан гэрээгээ мөрдөж, амьдралаа зөв зохицуулж авч явах, ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой гэж номлодог. Буддын шашинд хүн сэтгэлийн амар амгалан, ёс зүй, гэгээрэлд илүү анхаарал хандуулдаг.
-Гэхдээ буддын шашинд бүтээгч бурхан гэж байхгүй гэх атлаа магадгүй хамгийн олон төрлийн бурхантай шашин биш үү?
-Шашны номлол сургаалыг хүн их амархан мартдаг учир урлаг, бэлгэдлээр дамжуулан хүргэх арга юм. Сүмд олон бурхад байдаг шүү дээ. Тэр нь буддын гүн ухааныг урлагаар дамжуулан хүнд хүргэж байгаа хэрэг. Жишээлбэл, Жанрайсиг бурханыг харсан сүсэгтэн түүн шиг хамаг амьтныг энэрэн нигүүлсье гэдэг бодол төрж байна. Урлагаар дамжуулан хүнд хайр энэрлийг бий болгох гэж байгаа юм. Манзушри бурхан хараад оюун билиг ухаантай больё, эрдэм номонд шамдъя гэсэн бодол төрүүлэх гэх мэт.
ШАШИН ба МОНГОЛЧУУД
-Шашин хүн төрөлхтний түүхэнд харахад сайн, муу олон үр нөлөөтэй. Хүн төрөлхтөн ч гэлтгүй зөвхөн Монгол Улсын хувьд гэхэд 200 гаруй жил Манжийн эрхшээлд байхад шашны гүн сурталд автуулсан ч гэдэг. Шашны аливаа улс орны нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл нь юу вэ. Аль нь давамгайлдаг вэ?
-1990 оноос өмнө бид шашин нийгмийн хөгжлийг хойш нь татдаг, нийгмийн язгууртан анги, хөрөнгөтөн, эрх мэдэлтэй бүлэгт үйлчилдэг, ядуу буурай ангийг номхон хүлцэнгүй байлгахад шашин үйлчилдэг гэх Марксын “Шашин бол хар тамхи” гэсэн үзлээр явсан. Уг нь энэ үзэл онолд ч шашин хүний сэтгэлийг тайтгаруулах үүрэг гүйцэтгэх талаар дурдсан байдаг. Харамсалтай нь энэ үзэл онолыг шашинг аль болох харлуулах үзэл суртал болгон ашиглаж иржээ. Шашны талаар маш олон эрдэмтэд үзэл онолоо дэвшүүлж байсан ч ганцхан Марксын үзэл, онолоос зэрэмдэглэсэн ганц өгүүлбэрийг барьж ирсэн. Одоо ч тэр онол, үзэл суртал манай нийгэмд нөлөөтэй хэвээр байна. Манай түүх бичлэг ч тэр үзэл онолын үүднээс бичигдсэн.
Бусад эрдэмтдийн шашны тухай дэвшүүлсэн үзэл онолыг яагаад судалж, олон нийтэд түгээж, таниулахгүй ганцхан зэрэмдэглэсэн, гуйвуулсан коммунист үг өгүүлбэртэй одоо болтол зууралдаад байна вэ гэдэг асуудал юм.
-Тэр үзэл онолоор 70 жил Монголчуудын тархийг угаасан болохоор хэцүү байх л даа.
-Тэр утгаараа манай түүх бичлэгт ч нөлөөлсөн. Буддын шашнаар дамжуулаад манай Монголын Эзэнт гүрний хаад, Юань гүрний үед бол Төвөдийг ч Монгол хаад эрх мэдэлдээ оруулж байсан. Ер нь Монголын түүх бичлэгт шашны талаар үзэх үзлийг өөр талаас нь харж бичих цаг болсон санагддаг. Монголын шашны тэргүүнүүдийн намтрыг үзэхэд Монголыг тусгаар байлгах, төр, шашныг тусад нь байлгах хүсэл эрмэлзэл үргэлж байсан нь үе үеийн Богдуудын намтарт туссан байдаг. Хамгийн сүүлд VIII Богд Жавзандамба Манжийн эрхшээлээс гарах эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдсан нь яах ч аргагүй үнэн.
-Их эзэн Чингис хааны үеийн хаад ноёд, угсаа залгамжилсан хөвгүүдийнх нь баримталж байсан “Бүх шашинд ээлтэй хандах” бодлогыг уншаад байхад “Хүний сэтгэлийг татсан байхад бие нь хаа холдох вэ” гэдэг зарчимд үндэслэн Их Монгол Улс татвараа авах, эдийн засгийн бодлогоо тогтвортой явуулахад хүмүүсийн сэтгэл санаа тогтвортой байж гэмээ нь улс тогтвортой байх юм байна гэдэг харилцан үйлчлэлтэй бодлоготой байсан мэт санагдсан.
-Монголын Эзэнт гүрний үед Монгол хаадыг “дэлхийг захирсан хаад” гэж Буддын шашны эх сурвалжуудад дурддаг. Ялангуяа Чингис хааныг Загарвардийн хаан буюу номын хүрдээр, номоор дэлхий нийтийг зассан их хаан гэж алдаршуулсан байдаг. Буддын шашны түүхэн эх сурвалжуудад Чингис хаанд “Хүрдэн эргүүлэгч Загарвард” их хаан гэдэг алдар өгсөн нь тэрээр дайн тулаан хийгээд улс орныг эзлээд байгаа юм шиг боловч дараагийн үр дүн нь дэлхий нийтэд амар амгалан, энх тайван, шударга ёс, эрх тэгш харьцах боломжийг авчирсантай холбоотой байх.
ШАШИН ба ШИНЖЛЭХ УХААН
-Хүн төрөлхтөн давж дийлшгүй зүйлтэй нүүр тулахад бурханд залбирч гайхамшиг хүсдэг байсан бол одоо бид өвчин тусвал эмнэлэгт хандаж байна гэх мэтээр шинжлэх ухаан, хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр шашны үүрэг суларч байна гэж зарим хүн үзэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Шашин судлалд олон эрдэмтэд шашин, шинжлэх ухааны харилцааны талаар олон үзэл, онолыг дэвшүүлсэн байдаг. Домог зүй, харьцуулсан шашин судлаач АНУ-ын эрдэмтэн Жосеф Кэмпл “Ер нь шинжлэх ухаан, шашин хоёрт сөргөлдөөд байх зүйл үгүй. Шинжлэх ухаан үүсэхээс өмнө шашин нь хүмүүсийн ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэхүй, бичиг үсэг, тоо, алхими зэрэг уламжлалт мэдлэгийг түгээж ирсэн байдаг. Орчин үед хүмүүс эртний мэдлэг байсан шашнаас илүү шинжлэх ухааны үүднээс аливаа зүйлд ханддаг болсон байна. Тэгэхээр өнөө үед шашин бурхан, тэнгэр, ер бусын далдын хүчинд итгэх итгэл, түүнтэй холбоотой амьдралын тухай үзэл, хорио цээр, ёс суртахуун, зан үйл байдлаар оршин тогнож байна.
Өнөөдөр шинжлэх ухаан ч ялгаагүй хүн төрөлхтний сайн сайхны төлөө маш олон туршилт, нээлт хийж байна. Аль алиных нь зорилго нь зөрчилдөөд байх юм алга. Шашин бол хүн төрөлхтний эртний мэдлэг, шинжлэх ухаан бол орчин үеийн мэдлэг. Зарим хүн шинжлэх ухаанч байна гэдгээр халхавчилж өмнөх үеийн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн шашныг үгүйсгэж байна” гэсэн санааг хэлсэн.
Шинжлэх ухааны зорилго өмнөх үеийн мэдлэгийг өвлөн авах, шинэ мэдлэгийг бий болгох, хүн төрөлхтний сайн сайхны төлөө шинэ нээлт хийх. Түүнээс биш ямар нэг зүйлийг үгүйсгэх болон гутаан доромжлох зорилгогүй. Шинэ мэдлэгийг бий болгохдоо урд өмнөх мэдлэгийг няцааж шинэ туршилт хийж болох ч зөрчилдүүлэх шаардлагагүй гэж дээрх эрдэмтэн үзсэн.
Шинжлэх ухаан үүсэхээс өмнө Европт ч байна уу, Монголд ч байна уу сүм хийдүүд тухайн үеийнхээ ертөнцийн талаарх мэдлэг оюуныг өвлөн авч, дараа үедээ дамжуулж ирсэн байдаг. Европын хамгийн эртний алдартай Кэмбриж, Оксфорд, Харвард, Иэлийн их сургууль сүм хийд, итгэгчдийн хандив тусламжаар шашны номлогчдыг бэлтгэх, тэдэнд уламжлалт мэдлэгийг өвлүүлэх зорилгоор байгуулагдаж аажмаар шинжлэх ухааны мэдлэгийг түгээдэг болжээ.
Монголд ч мөн адил 1921 оноос өмнө буддын сүм хийд, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойлин дацангууд буддын шашны их, бага 5 ухаан болох гүн ухаан, хэл шинжлэл, яруу найраг, уламжлалт анагаах ухаан, тоо, одон зурхай, урлахуйн ухааныг түгээж байжээ. Манайд 19-р зуунаас өмнө бол уламжлалт мэдлэг ухааныг шашны боловсролоор олгож ирсэн.
-Бид аливаа зүйлийг хоёр тал руу нь хүргээд байх юм л даа. Туйлшрах хэрэггүй л гэсэн үг юм байна.
-1990 оноос өмнө бид зөвхөн коммунист үзэл суртлын үүднээс шашныг харж байсан нь өнөөг хүртэл байсаар байна. Шашин бол хортой, шашнаас сэрэмжилж болгоомжил гээд л. Нэг үзлийг ингэж харж байгаа чинь догм байхгүй юу. Шашин нийгэмд хэрэгтэй. Ялангуяа нийгмийн хөгжилд хэрэгтэй гээд үзэл, онолоо дэвшүүлсэн Германы эрдэмтэн Макс Вебер гээд социологич бий. Европын хамгийн хөгжингүй улс орнуудын иргэдийн үзэл, онол, ёс зүй, амьдралын хэв маягт шашин ямар үүрэгтэй талаар судалгаа хийсэн байдаг. Хойд европын Герман, Дани, Норвег, Швед, Финлянд зэрэг скандинавын орнуудад хүн амьдрахад хамгийн таатай орчинг бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд шашин их үүрэгтэй байсан. Ялангуяа Христийн шашны протестант ёс зүй, үнэнч шударга, шаргуу хөдөлмөрлөх, цаг бол алт, үнэнчээр тууштай хөдөлмөрлөхөд бурхан чамайг шагнана гэсэн номлол сургаал бий. Тэр шагнасан хөдөлмөрийн үр ашиг, цалин хөлсийг хөрөнгө оруулалт, амьдарч буй хот тосгон суурины тохижилтод хөрөнгө оруулалт болгож өгөх гэх мэт.
Итгэгчид нь олсон орлогоосоо тэтгэлэгийн сан үүсгэж бусадтай хуваалцдаг нь тэр улс орнуудад иргэд нь сайн боловсролтой, хуульч, эмч, багш сурган хүмүүжүүлэгч, инженер бий болж нийгмийн хөгжилдөө эергээр нөлөөлж байдаг.
-Гэтэл яагаад буддын шашинтай улс орнууд эдийн засгийн хүч чадал сайнгүй байна гэдэг асуулт байна?
-Та яг үнэндээ дэлхийн хүн амын шашин шүтлэгийн тухай статистик мэдээллээс харах юм бол Японд буддын шашинтай маш олон хүн байна. Япончууд уламжлалт шинто шашин, буддын шашныг голлон шүтдэг. Япон дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улсуудын л нэг шүү дээ. Урд хөрш БНХАУ-ын тулгын гурван шашинд Даогийн сургаал, Күнзийн номлол сургаал, Буддын шашин багтдаг. Азид буддын шашинтай хүн олон байдаг улс орнуудын ард иргэдийн сэтгэлгээнд дао, күнзийн сургаал нөлөөлсөн байдаг ч, буддын шашны шүтэн барилдлага, бүх юм шүтэн барилдаж байдаг гэсэн сэтгэлгээ нь нийгмийн бусад хүчин зүйлийг давхар анхаарч, бусдад сэтгэл гаргах, хамтдаа хөгжих, багаар ажиллах сэдлийг төрүүлж байдаг гэж хэлж болно.
Мөн буддын шашинд аливаа хүн хийж буй ажилдаа сэтгэлээ төвлөрүүлэх, тууштай хичээнгүй байх, бүгд эрх тэгш нийгмийн баялагийг хүртэх, аливаа ажил үйлс бүх нийтийн сайн сайханд зориулсан үр ашгаа өгч байх үйлийн үрийн сургаал гээд нийгмийн хөгжилд хэрэгтэй үзэл, сургаалууд байдаг.
Төвөдийн эдийн засгийн хөгжлийг зөвхөн буддын шашинтай холбож тайлбарлах нь өрөөсгөл юм. Эдийн засгийн хөгжилд газар зүйн байрлал, зам, харилцаа холбоо, байгалийн нөөц баялаг, ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч гээд олон хүчин зүйл нөлөөлдөгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Зөвхөн шашинд бурууг өгч болохгүй л дээ.
-Сатан, муу ёр, чөтгөр гэж ярьдаг. Эдгээр нь шашин судлалын судлагдахуун мөн үү?
-Мөн. Шашин болгонд ер бусын, тайлагдашгүй, нууцлаг хүчин зүйлийн тухай номлол байдаг. Аливаа ер бусын хүчинд хүнийг хайрлаж ивээж байдаг тэнгэр бурхан, сахиусан тэнгэр гэж байхаас гадна хүнд хорлол үзүүлдэг, муу нөлөөлдөг сатан, чөтгөр, шулам байна. Шашны түүх судлаач Мирчей Елиадэ “итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй хүмүүст эдгээр ер бусын “ариун” хүчин зүйл үзэгдэх тохиолдлыг дэлхийн шашны эх сурвалжуудад түгээмэл дурдсан байдаг гээд тийм үзэгдлийг “hierophany” гэдэг нэршлээр илэрхийлсэн байдаг. Шашны эх сурвалжуудад тэдгээр ариун ер бусын бурхан тэнгэрийн эсрэг талд сатан, чөтгөр, муу ёрын хүчийг дүрсэлдэг. Тухайлбал, исламын соёлтой ард түмний үлгэр домог, куран сударт жин (Jinn), шайтан (Shaytan) гээд ер бусын хүчтэй, хорлох үедээ хорлодог амьтдын тухай дурдсан байдаг. Ер нь бурхан, шашны сургаалын гол үүрэг нь нийгэмд ёс зүй, ёс суртахууныг тогтоохын тулд номлож байдаг. Бүх шашинд хүн битгий хөнөө, садар самуун үйл битгий хий, хөршөө хайрла, бусдыг хайрла энэр, хулгай битгий хий гэж сургадаг хүнийг ойлгож, зөв харьцах онол сургаал, ёс суртахууны алтан дүрэм гэж бий.
ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨ
-Нэг улс оронд олон шашин зэрэгцэн орших нь ямар нөлөө үзүүлж болох вэ?
-АНУ-ыг жишээ болгон авъя. АНУ-д олон үндэстний, цагаач, олон шашин, соёлтой хүмүүсийг америк хүсэл, мөрөөдлийг биелүүлэхэд шашны олон урьгалч байдал нөлөөлж байгаа нь шашин судлалын нэг сонирхолтой судлагдахуун юм. Яагаад гэхээр АНУ-ын иргэдийн 80 гаруй хувь нь өөрсдийн христийн шашныг шүтээд нийгэмд эерэг нөлөө үзүүлж байна гэж үзэх болсон. Энэ улсад христийн шашны олон урсгал чиглэл, дэлхийн бусад олон шашин зэрэгцэн оршиж байгаа ч бусдын шашныг хүндэлдэг, шашин хоорондын яриа хэлэлцээ байнга хийдэг байна. Шашны байгууллагууд итгэгч дагагчдаа ёс зүйтэй байлгахыг номлож байдагтайгаа адил амьдрал дээр үүнийг харуулахаар хоорондоо хамтарч ажилладаг сайхан жишээ байна. Шашны сүм хийд, байгууллагууд хамтарч мод тарих, байгалийн гамшгийн үеэр сайн сайхны төлөө нэгдэж ажиллаж байна. Хүмүүнлэгийн тусламж, сайн үйлсээ хүртэл хамтарч хийж байна. АНУ-д олон шашин нэг дор байгаа ч нийгэмд эерэг нөлөө үзүүлж байна гэж үзээд байгаа юм. Тэгэхээр шашныг зөвхөн сөрөг талаас нь бус эерэг талаас нь үзэх өнцгүүд байна.
Монгол улсын хувьд нэг үндэстэн, нэг соёл уламжлалтай ч 1990 оноос хойш манай нийгэмд олон шашин зэрэгцэн орших болжээ. Тухайн улс орон нэг шашин шүтлэгтэй байх нь нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдал, эв нэгдэл, хамтын ухамсарт эерэгээр нөлөөлдөг гэсэн социологийн онол бий. Бас нийгэмд үзүүлэх нэг сөрөг нөлөө нь шашин бүр өөрийн үнэт зүйлийг номлодог учир олон шашинтай болох нь нийгмийн тогтворгүй байдалд нөлөөлөх боломжтой ч гэсэн үзэл бий.
Олон шашин байгаа тохиолдолд нэгнийхээ итгэл үнэмшилд хүлээцтэй хандах, шашин хоорондын яриа хэлцэл чухал. Хүн бүхэн өөрийн сонголтоор шашнаа чөлөөтэй сонгож шүтэх эрхтэй. Үүнийгээ эдлээд өөр өөр шашинтай хүмүүс бусдад хүлээцтэй хандах нь чухал.
Шашин бол соёл. Зарим судлаач шашныг хэлтэй адилхан гэж үздэг. Таныг монгол хэлээр ярьж байхад өөр хүн казах, англи, франц, япон хэлээр ярина. Англи, францаар ярьж байгаа хүн өндөр боловсролтой гэж өнгөц харж болохгүйтэй адил. Монгол хэл ч чухал, хэлийг ялгаварлаж, эрэмбэлж болдоггүйтэй адил шашныг мөн ингэж ялгаж болохгүй. Ямар ч угсаатны хэл өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэж байгаатай адилхан шашин итгэл үнэмшлийн хэрэгцээг хангаж, өөр үүрэг гүйцэтгэдэг гэсэн санаа. Олон шашин байх тусам шашинд хүлээцтэй хандах ёстой. Шашныг хувийн ашиг сонирхол, нэр алдар, эрх мэдэлд ашиглах сонирхолтой хүмүүс бий. Тэр хүмүүсийг барууны ардчилсан нийгэм сэрэмжлүүлж байна. Хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, энэ шашны удирдагч ийм гэмт хэрэгт оролцож байсан, нийгмийн ийм харамсалтай үйл явдалд оролцож байсан гээд сэрэмжлүүлж байна. Нэг улсад олон шашин байх тусам шинжлэх ухааны үүднээс шашин судлал хөгжиж байх ёстой.
-Монгол Улсад сүүлийн үед шинэ шашин хэр хөгжиж байна вэ. Тоо хэр нэмэгдэж байгаа бол. Монгол дахь шинэ шашны талаар та товч ярьж өгөөч.
-Зарим нэг талаар шашны нөлөө нийгэмд багасаж байгаа мэт боловч 21-р зуунд дэлхийн 8 тэрбум хүний 80 хувь нь шашин шүтэж байна. Тэгэхээр шашин нөлөөтэй байгааг харуулж байна. Гэхдээ шашны нөлөө зарим салбарт буурч байгаа нь үнэн.
Шашин бас хувирч өөрчлөгддөг. Шинээр өөр шашнууд бий болж байна. Зарим шашин судлаач өдөрт нэг шашин шинээр бий болж байна гэдэг. Шинэ шашин нь уламжлалт шашны номлолыг арай өөрөөр тайлбарласан ч байдаг юм уу тийм зүйл байна. Жишээлбэл, Библийн , Шинэ гэрээнд бурханы зөнч элч Есүс Христ хэмээн дурдсан байдаг. Гэтэл Христийн шашны зарим урсгалд өөрийгөө дараагийн Есүс Христ, Бурханы дараагийн элч гэж зарлаад шашны шинэ урсгал үүсгэж байна. Солонгост ийм маягаар шинэ шашны хэлбэр нэлээд үүсэж байна. Сүүлийн үед Монголд орж ирсэн Ээж бурханы сүм, Мүүний эв нэгдлийн сүм, Шинчоенжи гэж сүм цуглаанууд христийн шашны номлол сургаалыг өөр талаас тайлбарлаж, зан үйл, үйл ажиллагааг нь өөрчилсөн шинэ шашин юм.
-Тэгэхээр нэг номлол гаргаад тэрийгээ олон түмэнд хүргэгчтэй байгаад, дагагчтай байвал шашин гэж үзээд байна уу?
-Тийм. Номлол сургаал нь олон хүнд хүлээн зөвшөөрөгдөөд, зан үйл, үйл ажиллагаа нь тогтворжоод ирвэл шашин болоод эхэлнэ.
-Монгол, Солонгосын харилцаа сүүлийн үед нэмэгдэж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой Солонгост үүсэж байгаа шинэ шашнууд манайд дэлгэрээд байна уу?
-Сүүлийн үед хоёр орны харилцаа нээлттэй болж, Монголчууд Солонгост ажиллаж, амьдарч, суралцаж байна. Монголчууд тэнд очиж байр суурьтай болоход нь христийн шашны сүм цуглааны нөлөө байдаг тухай судалгаа бий. Тэнд ажиллаж амьдарч байгаа Монголчууд ийм шинэ шашинд ороод эргээд Монголд түгээн дэлгэрүүлэх тохиолдол байна. Солонгост байгаа шашны тэргүүнээ “Бурханы элч”, “хоёр дахь Есүс” гэж үзэн итгээд Монголд оруулж ирээд сүсэгтэн, итгэгч, дагагчдыг нэгтгээд явж байна. Солонгосоос гаралтай шинэ шашны 20 орчим урсгал чиглэл Монголд үйл ажиллагаа явуулж байна.
ШАШИН СУДЛАЛ МОНГОЛ УЛСАД
-Танай тэнхим шашин судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их сургуулийн цорын ганц тэнхим. Тэнхимээ танилцуулаач?
-Манай тэнхим 1994 онд Монгол Улсын Их Сургуулийн тухайн үеийн Нийгмийн ухааны факультетийн Философийн тэнхимд “Буддын гүн ухаан судлаач, философийн багш” мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд 1998 оноос биеэ даасан Шашин судлалын тэнхим болж өргөжсөн байна. Тухайн үеийн нийгмийн өөрчлөлт, шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотойгоор Монгол Улсад шашны сүм хийд, шашны байгууллага олноор нээгдэж, Монголчуудын шашин шүтлэгийн байдалд өөрчлөлт гарснаар манай сургалт, судалгааны чиглэл ч өргөжиж, Буддын шашныг судлахаас гадна Христ, Ислам болон шинээр орж ирж буй шинэ шашны хөдөлгөөнийг судлах болсон. Манайх шашин судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхлээд 300 орчим оюутан төгсгөжээ.
Шашин судлалын мэргэжилтэн бэлтгэх энэхүү хичээлийн хөтөлбөрт Монголын шашин, философийн түүх, Шашны психологи, Шашны социологи, Шашны түүх, Шашны ёс зүй, Шашны зан үйл, дэг ёс, Харьцуулсан шашин судлалаас гадна Буддын судлалын хичээлүүд ордог. Түүнээс гадна шашин хувирч өөрчлөгдөж байдаг, соёлын ялгаанаас болоод олон хэлбэр байдаг учир эртний овгийн байгууллын үеийн шашин, үндэстний шашин шүтлэг, дэлхийн шашин шүтлэг зэрэг хичээлүүд ч мөн тус хөтөлбөрт багтсан байдаг.
-Шашин судлал гэсэн нэг малгай дор шашныг олон талын шинжлэх ухааны үүднээс судалдаг уу?
-Тийм. Шашин судлал нь шинжлэх ухааны бие даасан салбар чиглэл болж 19-р зуунаас Европт үүсч, дараагаар нь АНУ-аас эхлэн дэлхийн бусад улс оронд хөгжиж иржээ. Шашныг судлахад түүхэн уламжлал талаас шашны түүх, үндэслэгчийн намтар, замнал, ариун ном судрын дэлгэрэлт, түүний судлалын түүхээс гадна шашны нийгэм, хүний амьдралд үзүүлж буй нөлөөллийг авч үзэх буюу ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ, хорио цээрийг тогтоох, энэ хүрээнд хүн ямар зан үйл хийх, өдөр тутмын амьдралыг хэрхэн авч явахыг заасан байдгийг анхаарч авч үзэх ёстой. Эдгээрийг судлахаас гадна орчин үед шашныг шинжлэх ухааны олон салбараар судалж байна.
Тухайлбал, шашны антропологи, философи, сэтгэл судлал, социологи, шашин ба улс төр, эрх зүй гэх мэт олон шинжлэх ухааны үүднээс судалж байна. Шашны хэл шинжлэл гэхэд шашны эх сурвалжуудын утга агуулга, найруулга нь ямар байна, ямар хэлбэрээр бичигдсэн байна гэх мэтчилэн судална. Мөн шашин судлаачид англи хэлээс эхлээд тухайн шашин анх сураал номлолоо айлдсэн тэр хэлүүдийг сурсан байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, Буддын шашныг судалъя гэвэл пали, санскрит, төвөд хэл хэрэгтэй. Хятадын буддизмыг судалъя гэвэл хятад хэл, Японы зэн буддизмыг судална гэвэл япон хэл, Христийн шашныг судална гэвэл грек, латин, англи хэл, Исламын шашныг судалъя гэвэл араб, перс хэлтэй байх гээд олон хэлний мэдлэг шаардана. Шашин судлал бол хүнээс ур чадвар, тууштай байдал, шаргуу хөдөлмөр шаарддаг салбар.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.