Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна

/2024.07.08/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирж, эмэгтэй гишүүдийн тоо нийт гишүүдийн 25 хувьд хүрэн Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсныг онцоллоо. Мөн сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, сонгуулийнмөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурж буйг энэ үеэр мэдэгдлээ.



2023 оны Эдийн засгийн форумаас өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна. Цаашид улс төрийн гурван нам хамтран Засгийн газар байгуулснаар эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллана. Энэхүү хурдтай хөгжлийн төлөө шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.



Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч Клаус Шваб Монголын эдийн засгийн форумд амжилт хүсэж, цахим мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр ардчиллаа шинэ түвшинд хүргэж, хөгжлийн шинэ шатруу зорьж буй Монголын ард түмэнд баяр хүргээд дэлхий дахины нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтуудыг авч ирж буйг дурдлаа. Монголчууд үүнийг даван туулахад энэ форум хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

“Эдийн засгийн форум 2024”-ийн үеэр бүсчилсэн хөгжлийн бодлого, ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт, хотын реформ, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт зэрэг ерөнхий сэдвүүдийн хүрээнд нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүд өрнөнө. Энэ жилийн хувьд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарснаас гадна Монгол Улс хөгжиж буй орноос дундаас дээш орлоготой орны статуст шилжиж, Төв Ази болон далайд гарцгүй орнуудын олон улсын санхүүгийн төв болох зорилтыг тавьж буйгаараа мөн онцлог байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улираан сонголоо
Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улираан сонголоо
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.