/2022.08.10/: Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд хийгдэх ажлын талаар сайд Л.Энх-Амгалан танилцуулсныг хүргэж байна. Тэрээр:
-Зам тээвэр хөгжлийн яамтай хамтарч Монгол Улсад байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажлуудыг хийх тодорхой шийдвэр гарлаа.
Монгол Улсын замын нийт урт 15 мянга орчим км байдаг. Энэ замаас хураамж авч байгаа нь 35 цэг байна.
Эдгээр цэгүүд нь цахимжаагүй учир орлого тодорхойгүй, машинаар өнгөрөхөд иргэдээс замын төлбөр авах нь гараар явагддаг.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эдгээр 35 цэгийг бүрэн цахимжуулах шийдвэрийг гаргалаа. Замын төлбөрөөс жилд 30 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт хуримтлагддаг юм байна. Бүрэн цахимжуулж чадвал энэ орлого 30% нэмэгдэж, 9 тэрбум төгрөг улсын төсөвт орно.
Цахимжуулахдаа иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах болон карт уншуулах боломжийг бий болгоно. Үйл ажиллагааг нь хувийн байгууллагууд хариуцаж хийнэ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар