/2024.05.08/: Шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч тэргүүтэй судлаачдын баг Булган аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ажиллалаа.
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд болсон тус арга хэмжээний үеэр Булган аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд судалгааны 3 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:
- Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;
- Ойн цэвэрлэгээ, мод бэлтгэлийн хаягдал, газар тариалангийн сүрэл, ургамлын иш, эрчимжсэн мал аж ахуйн хаягдал зэрэг органик хаягдлын боловсруулалт, дахин ашиглалтын технологийн судалгаа;
- Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг бууруулах судалгааг тус тус хийх юм.
Мөн аяны үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Булган аймгийн Байгаль орчны газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд академийн харьяа 4 хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцуулав.
Эх сурвалж: БШУЯ