/2024.05.01/: Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг баталсан.
Тэргүүлэх чиглэлд хувцас загварын салбар зүй ёсоор багтдаг төдийгүй үндэсний ижилсэл, ондоошил шингэсэн, өөрсдийн нөөц бололцоонд суурилан хөгжүүлэх бодлогыг баримталж байна.
Энэ хүрээнд Соёлын яамнаас 2021 оноос эхлэн Дүрслэх урлагийн “Art Week“,” Photo Week” арга хэмжээнүүдийг уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн. Тэгвэл долоо хоногийн туршид (2024.04.29-2024.05.05) “Mongolia fashion week 2024” загварын арга хэмжээг Соёлын яамнаас дэмжин Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
“Монголын загвар урлагийн холбоо” ТББ-аас санаачилсан уг арга хэмжээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Үндэсний хувцас, загварын долоо хоногийн хүрээнд өнөөдөр “Хувцас загварын салбарын форум”-ыг зохион байгуулж салбарын төлөөллүүд болон олон улсын туршлагатай уран бүтээлчид оролцон харилцан туршлага судлах, сайн туршлагыг нэвтрүүлэх мастер класс сургалтыг зохион байгууллаа.
Форумыг Соёлын сайд Ч.Номин нээж, хувцас загварын салбарын хөгжлийн бодлого, байгальд ээлтэй монгол хувцасны брэндийг хөгжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн бөгөөд БНСУ-ын Урлагийн холбооны тэргүүн Самюэль Жон, загвар зохион бүтээгч И Сан Бон нар оролцож, туршлагаасаа хуваалцлаа.
Эх сурвалж: Соёлын яам