Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ

/2024.04.26/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

С.Чинзориг сайд Засгийн газрын хуралдаанд уг хуулийн төслийг боловсруулах шаардлага болон хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан.

Тэрбээр Эмийн тухай хуулийг анх 1998 онд баталсан. 2006 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгон өргөжүүлж, 2010 онд шинэчлэн найруулсан уг хуульд шинэчилсэн найруулга хийх зайлшгүй шаардлага байгааг онцлоод “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийхэд үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар үнэ нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар өссөн дүн гарсан.

Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа тул хуульд шинэчилсэн найруулгаар зохих өөрчлөлтүүдийг оруулж буй юм” хэмээсэн.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Хүний болон малын эмийг нэг хуулиар зохицуулж байсныг салгаж хүний эм болон эмнэлгийн хэрэгслийг тусад нь бие даасан хуулиар зохицуулахдаа эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмийн үнийг бууруулахтай холбоотой зохицуулалтыг нэлээн тодорхой тусгаж өгсөн.

Мөн уламжлалт эм, түүний түүхий эдтэй холбогдуулан үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг эх сурвалжид үндэслэн бүртгэдэг байх, түүхий эдийг уламжлалт эмийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянах заалт оруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны асуудлыг тодорхой зүйл, заалтаар өргөжүүлж өгч байна. Үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлсэн, үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлахыг хязгаарлах заалтуудыг тусгасан.

Эмийн зохистой хэрэглээний чиглэлээр оролцогч талууд буюу эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх үүргийг тодорхой болгож, эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг илүү өргөжүүлж олон улсын жишгийн дагуу дан ганц үйлдвэрлэлийн зохистой дадал бус хадгалалт, түгээлтийн зохистой дадал болон бусад шаардлагыг мөн дэлгэрэнгүй хуульчиллаа.

Түүнчлэн улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажилладаг эмийн зөвлөл, комиссын эрх, үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчилж, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил, тод нээлттэй байдлаар сонгох, шалгуурыг тодорхой оруулж өгч буйгаараа нэлээд онцлог юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч талуудын чиг үүрэг тодорхой, чанар, аюулгүй байдлын зохицуулалт илүү боловсронгуй болж, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөл багасч, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбогдсон санхүүгийн эрсдэл буурна хэмээн үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.

Эх сурвалж: ЭМЯ

Монгол Улсын Их сургууль дэлхийн суралцагчдад зориулан МООС бүтээлээ
Монгол Улсын Их сургууль дэлхийн суралцагчдад зориулан МООС бүтээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.