/2024.04.26/: Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо "Монголын түүхэн гэрэл зураг" нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болж өндөрлөв.
Тус хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол орон ба Монголчууд” 10 боть бүтээл туурвисан төслийн үр дүнгийн тухай илтгэл тавьж оролцлоо.
Энэхүү олон улсын хурал нь Монголын ХХ зууны түүүхэнд холбогдох гэрэл зургийг судалдаг, хадгалж буй газрууд болох Англи, ОХУ, Япон, Унгар, Чех, Польш, Монгол зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцэж, цаашид монголын түүхэн зургуудыг харьцуулан судлах, таньж тодруулах, төрөлжүүлэх, хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим мэдээллийн сан үүсгэх асуудлыг хэлэлцэв.
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууны удирдлага дор ОХУ, Дани, Норвеги, Англи улсын эрдэмтдийн баг хамтран “Монгол орон ба Монголчууд” 10 боть цувралыг “Гэрэл зураг дахь Монголчууд” нэртэйгээр нийтлүүлсэн билээ.
Тус хурлыг нээж, Чехийн Үндэсний музейн захирал Михайл Лукош, Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гансүх нар үг хэлсэн бөгөөд, ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан гэрэл зургийн альбом нийлүүлэхээр ажиллаж байгааг сонордуулжээ.
Эх сурвалж: ЧХҮМ