/2024.04.26/: Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудалд хуралдлаа.
Хуралдааны өмнө Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Үндэсний хорооны гишүүд “Мөнх-Хаан” В787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов. Dreamliner агаарын хөлөг нь олон Улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл, жуулчдад зориулсан дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг аялал жуулчлалын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв.
"Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлав.
Мөн аялал жуулчлалын бүс, олон Улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ