/2024.04.18/: Өчигдөр орой болсон ноцтой зам тээврийн ослын талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.
Ослын талаар УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
Өчигдөр орой 19 цагийн үед ЧД-ийн 15-р хороо Хайлааст орчимд 2 суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн осол болсон. Автомашинууд мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан иргэд гэмтэж 16 настай 1 хүн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шуурхай газар дээр нь ажиллаад одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас ослын бодит шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хааз, тормоз андуурч гишгэснээс болсон эсэх нь шалгалтын явцад тогтоогдоно.
Автомашинуудын жолооч нар эрүүл байсан. Осолд 4-14 насны 6 хүүхэд, нэг том хүн өртсөн. Эдгээр хүмүүс ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Цагдаагийн байгууллагад 2024 оны эхний 3 сарын байдлаар хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна.