/2024.02.16/: Японы эдийн засаг дотоодын хэрэглээ сул байгаагаас болж эдийн засаг нь гэнэтийн уналтад орсноор дэлхийн гурав дахь том эдийн засгийн байр сууриа Германд алдлаа.
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 оны сүүлийн гурван сард 0.4 хувиар буурсан бол өмнөх улиралд 3.3 хувиар буурсан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас пүрэв гарагт мэдэгдэв.
Энэ бууралт нь зах зээлийн таамаглалаас хамаагүй доогуур байв. Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид 10-12 дугаар саруудад ДНБ улирлын дүнгээр 1.4 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
Энэ тоо баримтаас харахад Японы эдийн засаг өнгөрсөн онд ам.долларын хэмжээгээр Германы дараа дэлхийд дөрөвт жагссан байна.
Дотоодын эрэлт ялангуяа сул байсан. Хэрэглээний зарцуулалт зэрэг дотоодын эрэлтийн бүх гол ангилал сөрөг байв. Гагцхүү бараа, үйлчилгээний экспортоор хангадаг гадаад эрэлт л эерэг дүнтэй гарчээ.
Японы хэрэглэгчид хүнс, шатахуун болон бусад барааны үнийн өсөлтийн улмаас худалдан авалтаа багасгаснаар эдийн засгийн тал хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ дөрөвдүгээр улиралд 0.9 хувиар буурсан байна.
Япон улс эрчим хүчний үндсэн хэрэгцээнийхээ 94%-ийг, хүнсний бүтээгдэхүүний 63%-ийг импортоор авдаг тул иений ханш сул байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэх үндэс болно гэж Japanmacro компанийн Токио дахь стратегич Нейл Ньюман CNN-д ярьжээ.
Он гарснаас хойш иен ам.доллартай харьцах ханш 6.6%-иар унасан нь аж үйлдвэржсэн 10-ын бүлгийн хэрэглэдэг валютуудын дунд хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: CNN