/2024.02.13/: Дэлхийн Цоохор Ирвэсийн Амьдрах Орчныг Хамгаалах Хөтөлбөрийн (GSLEP) удирдах зөвлөлийн ээлжит 8 дахь удаагийн хурал 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд БН Узбекстан улсын түүх соёлын өлгий Самарканд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус форумд дэлхийн цоохор ирвэс бүхий 12 орны засгийн газар, олон улсын байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд, санхүүжүүлэгчдийн төлөөлөл 80 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улс цоохор ирвэсийн судалгаа хамгааллын ажлыг амжилттай явуулж Цоохор ирвэсийн анхны урт хугацааны судалгааг 2009 оноос хэрэгжүүлсэн үр дүн, ирвэс хүний хоорондын асуудлыг зохицуулах нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөлд түшиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дэлхийн цоохор ирвэсийн популяцын судалгаанд (PAWS) 2018 онд амжилттай хамрагдаж өөрийн орны популяцыг хэмжээг тодорхойлсон ( 986+-) үр дүн зэргийг танилцууллаа.
Илтгэлийг БОАЖЯ-ны Байгалын нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг тавьсан бол, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ форумын индэр дээрээс цоохор ирвэс түүний экосистемийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого цаашдын зорилтуудыг видео хэлбэрээр товч танилцуулаад Узбекстан Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Энэхүү форум нь Бүгд найрамдах Узбекстан Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан ба цоохор ирвэсийн экосистемийн хамгаалалд гарсан ололт амжилт, тулгамдсан асуудал түүнээс гарах арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ ирвэс бүхийн 12 орны Засгийн газар сүүлийн 3 жилд хийсэн ажлаа танилцуулж үйл ажиллагааны ойрын зорилтуудыг тодорхойлон Самаркандын тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Эх сурвалж: БОАЖЯ