/2024.02.02/: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулж буй “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц үйл ажиллагаанд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1500 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин оролцож байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн нэрэмжит “ҮЙЛДВЭРЛЭГЧ-ЖДҮ” арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үйл ажиллагааны хүрээнд тус дүүргийн 125 үйлдвэрлэгч оролцох бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин таниулах зорилгоор 3 чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм байна.
Тодруулбал арга хэмжээг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн орон нутаг болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж буй иргэдийн тоог нэмэгдүүлж дотоодын эдийн засгийн эргэлтийг өсгөхөд хувь нэмэр оруулах юм. Тус арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдөр “Шинэ Зуун айл” худалдааны төвд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: ЧД