/2023.12.25/: Электрон тамхийг насанд хүрээгүй хүнд борлуулахыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Үүнтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Номинчимэг өглөө.
Тэрбээр, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны А/1467 гэсэн захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт электрон тамхийг 18 нас хүртэлх хүүхдүүдэд худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гаргах болсон үндэслэл нь уг электрон тамхитай холбоотой зохицуулалт Монгол Улсын хэмжээнд байхгүй. Эцэг эхчүүд, боловсролын байгууллагын ажилтнууд, нийгмийн ажилтнуудаас маш олон тооны өргөдөл, хүсэлтүүд ирсэн. Электрон тамхийг ЕБС-ийн ахлах болон дунд ангийн сурагчид маш ихээр хэрэглэж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 205 сургууль дээр судалгаа хийхэд 9000 хүүхэд утаат болон электрон тамхи татаж байна гэсэн дүн гарсан. Ийм учраас тус захирамжийг гаргасан гэв.