УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ

/2023.11.29/: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.

Тэрхүү саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, "Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна" хэмээн танилцуулаад, төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч гэдгийг онцолсон.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Эх сурвалж: УИХ

Ерөнхийлөгчийг АНЭУ-д айлчлахад Монгол бичгээр нэрийг нь бичин угтан авчээ
Ерөнхийлөгчийг АНЭУ-д айлчлахад Монгол бичгээр нэрийг нь бичин угтан авчээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.