unnu.news медиа компанийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар очжээ.
Энэхүү хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой аж.
Энэ сарын 25-наас ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт Ази тивээс долоон орны долоон сэтгүүлч оролцож байна. Хөтөлбөрт Япон Улсаас “Nikkei”-ийн тоймч Хироюки Акита, БНСУ-аас “Chosun Ilbo” сонины редактор Шинён Ким, Индонез Улсаас “CNN Indonesia”-ийн Ахлах анкор Дэси Анвар нарын долоон сэтгүүлч оролцож байна.
Уг хөтөлбөрт Монгол Улсаас шалгарсан Х.Цогтбилгүүндарь нь АНУ-д Хөгжлийн арга зүй чиглэлээр магистр, улс төр, дижитал хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2022 онд тайлбарлах сэтгүүл зүйн “unnu.news” медиа компанийг хамтран үүсгэн байгуулсан.
"Сonnecting Continents" хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Украины Киев, Николайев, Херсон мужаар зочилж, хохирол, сүйрлийн бодит нөхцөлтэй танилцах бөгөөд дайны хохирогчид, Украины цэргийн төлөөлөлтэй уулзаж ярилцана.
Украинаас хийх сурвалжилгыг unnu.news-ийн албан ёсны Instagram, Facebook сувгаар болон NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.
unnu.news-ийн тухай:
unnu.news нь 2022 оны есдүгээр сараас эхлэн тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд мэдээ, мэдээллийг дижитал уугуул иргэдэд шинэлэг, бүтээлч контентоор дамжуулан хүргэхийг зорин ажилладаг.