/2023.11.23/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын иргэд Солонгос Улсад зорчих визний асуудалд анхаарал хандуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчилж өгөх хүсэлтийг уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тавилаа.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад ирэх Солонгос жуулчдын тоо нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлээд, цаашдаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд ажиллаж байгааг дуулгасан юм.
Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр эртний найрсаг, сайн харилцаатайг дурдаад, хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлж байна гэж тодотгов.
Эх сурвалж: ХЗДХЯ