1970-1980 онд баригдсан барилгуудад дулааны алдагдал бууруулах засвар хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1970-1980 онд баригдсан барилгуудад дулааны алдагдал бууруулах засвар хийж байна

/2022.08.09/: Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тэрбээр цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй их болон урсгал засварын явцыг үзэж, холбогдох албаныхантай зөвлөлдөв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Өмнө нь Чингэлтэй, Налайх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гэх мэтээр нийслэлийн хэмжээнд хүүхдүүд тохитой, дулаан орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна. Хотын даргын зүгээс хамгийн түрүүнд хүүхдүүд хамгийн их цагийг өнгөрөөж буй сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэл өгсний дагуу дээрх дулаан алдагдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн хэмээн танилцууллаа.

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 1970-1980 ОНЫ БАРИЛГА ОЛОН БИЙ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:

-Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 23 мянган хүүхэд бий. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүд хамтран төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 600 орчим хүүхдэд цэцэрлэг, анги танхим хүрэлцээтэй биш байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар хамтран хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах талд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцолъё. Анги өргөтгөх, засварлах, байр түрээслэх гэхчлэн бүхий л арга хэмжээг авч байна.

Манай Баянгол дүүрэг орон сууцны хороолол олонтой. Тэр хэрээр барилгууд нь насжилт өндөртэй. 3,4 дүгээр хорооллын барилгууд 1970-1980 оных байдаг бол Төмөр зам орчимд 1960-аад онд баригдсан сургууль, цэцэрлэг ч бий. Тиймээс барилгууд нь нэлээд муудсан. Сүүлийн жилүүдэд шинээр сургууль, цэцэрлэг барихад анхаараад хуучин барилгын засварыг орхигдуулсан тал бий. Тэдгээрийн нэг нь бидний ирээд буй 157 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгийг дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамруулж, дээвэр, дулаан алдалт, фасадын засварыг хийсэн. Одоо дотор засварууд үлдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдсэн учир есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авах болно. Цаашид төсөлд хамруулах цэцэрлэг бий. Зарим орон сууцны барилгад ч дулааны алдагдлыг бууруулах ажлыг амжилттай хийж байгаа гэсэн юм.

Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хувьд 1991 оноос монгол цэцэрлэг болон ажиллаж эхэлсэн. 14 бүлгийн 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 48 багш, ажилтантай цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт төсөл хэрэгжихээс өмнө цэцэрлэгийн нөхцөл байдал асар хүнд байсныг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа. Анх байгуулагдсан цагаас хойш барилгын болон сантехникийн их засвар хийгээгүйгээс гадна фасад огт засагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Өвлийн улиралд тасалгааны температур 11-12 хэмээс хэтэрдэггүй, дулааны алдагдал ихтэй байсан тул Дэлхийн банкны “Дулааны алдагдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд их засвар хийж буй юм. Түүнчлэн хүртээмж өндөртэй цэцэрлэг учир 440 сая төгрөгийн дотор засварыг хийх болсонд баяртай байгаагаа тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа онцолж байлаа.

Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул:

-Манай цэцэрлэг 1991 онд ашиглалтад орсон, эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ганц цэцэрлэг учраас ачаалал байх ёстойгоосоо хоёр дахин их байдаг. Энэхүү төсөл манай цэцэрлэгт хэрэгжсэнээр хүүхдүүд дулаан орчинд сурах боломжтой болж байна. Сурах орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурч, хичээлдээ таслахгүй явах боломж бүрдэж, сурлагын таатай орчин бий болж болно. Үүнд их баяртай байна.

ОРШИН СУУГЧИД ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

Харин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах засварын тухайд:

-Энэхүү орон сууц нь 1977 онд баригдсан хуучны барилга бөгөөд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог байсан. Тиймээс дэлхийн банкны төслөөр гадна фасадын засвар, дээврийн засварыг хийж байна. Өмнөх жил 2А байранд хийсэн засвар, үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн хувьд ч чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж "Тэгш бүрэн констракшн" ХХК-ийн талбайн инженер Ж.Тунгалаг өгүүллээ.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Г.Байгалмаа “Манай байр өвөлдөө маш хүйтэн байдаг. Дулаалга хийснээр ирэх өвлөөс дулаан өвөлжинө гэж итгэж байна. Засварын хувьд хамгийн чанартай сайн хөөсөнцөр ашиглаж байгаад баяртай байна. Зургаадугаар сард эхэлсэн засварын ажил урагштай сайн хийгдэж байгаа” хэмээн өгүүлсэн юм.

ЭНЭ ОНД ЕСӨН БАРИЛГЫН ДУЛААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛНА

“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох:

-Уг төсөл 2012 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд 2020 оноос хоёрдугаар шат эхэлсэн. Нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Тиймээс алдагдал бууруулж, хэмнэлт гаргах зорилгоор манай төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгийг Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн бусад харьяа байгууллагуудтай зөвшилцөн, газар дээр нь нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр сонгосон.

2022 онд есөн барилгад дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Үүнээс дөрөв нь орон сууц, мөн дөрөв нь цэцэрлэг, нэг нь сургуулийн барилга. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх ажлыг дуусгаж, хүлээлгэн өгнө. “Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл 2023 оны 12 дугаар сард албан ёсоор хэрэгжиж дуусна. Нийслэлийн удирдлагууд уг төслийг маш их дэмждэг учраас төслийн санхүүжүүлэгч Дэлхийн банканд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлт тавьж, ярилцах болно гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Цэцэрлэгт элсэх хүсэлтийг МАРГААШНААС эхлэн авна
Цэцэрлэгт элсэх хүсэлтийг МАРГААШНААС эхлэн авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.