БОАЖ-ын сайдын даалгавраар нийт 1200 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайдын даалгавраар нийт 1200 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

/2023.11.22/: Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгавраар “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулсан.

Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 сумын төв, улсын тусгай хамгаалалттай газар, усны сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүс орчмоос нийт 1200 тн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулсан байна.

Байгаль орчинд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж байгаа ч уламжлалт аргаар булшилж, устгах нь оновчтой шийдэл биш. Хог хаягдлыг 125 мянган га-аас их талбайд дарж булилах нь хөрс, орчныг бохирдуулсан хэвээр байдаг.

Иймд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хог хаягдлын менежмент, эрх зүйн орчныг боловсронгуй тусгах чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын хэсгийг байгуулсан. Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар БОАЖ-ын Сайдын дэргэд байгуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.

Олон улсын туршлагат хог хаягдлыг бохирдуулагч нь дангаар эсвэл хамтран хариуцах, эргүүлэн цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд халгүй аргаар устгахаар зохицуулсан байдаг. Түүнчлэн уг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг бохирдуулагч буюу үйлдвэрлэгч, импортлогчдоос гаргуулах туршлагыг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын хувьд уг туршлагыг 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан боловч хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг тогтоогүйгээс уг зохицуулалт хэрэгждэггүй тул эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулах, зүйл заалтыг тодорхой тусгахаар ажиллаж байна. Үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бий болгох, хог хаягдлын зохистой менежмент, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчилнэ
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.