Бөхчүүдээс дүрмийн санал авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхчүүдээс дүрмийн санал авна

/2023.11.22/: МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо.

Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм" болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг "Монгол бөхийн барилдааны дүрэм"-ийн заалтуудыг хэлэлцүүлэв.

Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.

МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж ажилласан ба тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан байна.

Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэлээ.

Туршилтаар хэрэгжүүлэх нь:

  • “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана...” гэсэн заалтыг хасах,
  • дүрмийн 2.5.2.Б-д “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх,
  • тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар тус тус дэмжлээ.

Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтов.

Эх сурвалж: МҮБХ

SpaceTalk#8: Тэгш бус байдал биднийг юунд хүргэх вэ?
SpaceTalk#8: Тэгш бус байдал биднийг юунд хүргэх вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.