SpaceTalk#8: Тэгш бус байдал биднийг юунд хүргэх вэ сэдвээр IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгионтой ярилцлаа.
-Тэгш бус байдал өөрөө маш өргөн суурь ойлголт. Ер нь тэгш бус байдал гэж юуг хэлдэг вэ?
-Энгийнээр хэлвэл хүмүүс нийгмийн бүлэг хоорондын бодит нөхцөл байдал, сэтгэл ханамж, нийгэмд оролцох оролцоо, хүртээмжтэй байдлын хоорондын зөрүүг тэгш бус байдал гэдэг. Маш олон хүн тэгш бус байдлыг буруугаар ойлгодог. "Байгалиас төрсөн тэгш бус байдал буюу хүн болгон ялгаатай, онцлогтой түүнийг тэгшитгэх гэлээ" гэж ярих нь бий. Буруу ойлголтууд нь хүмүүст халгаатай. Жишээлбэл, эмэгтэй хүн угаасаа байгалиасаа л эмэгтэй юм чинь сонгуульд саналаа өгөхгүй байж болно, улс төрд оролцох шаардлагагүй хүүхдээ л харахад болно гэдэг ойлголтыг өгч болохгүй биз дээ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс угаасаа л хөгжлийн бэрхшээлтэй юм чинь нийгмийн амьдралд оролцох шаардлагагүй, гэртээ байх нь зөв гэж болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах боломж нь бий болчихсон байтал бид "Угаасаа л ийм юм чинь" гэх буруу ойлголтоор хандаж болохгүй. Ер нь тэгш бус байдлыг төрөлхийн буюу нийгэм эдийн засаг улс төрийн институт бүтэц хуваарилалтаас үүдэлтэй гэж болох юм. Харин сүүлийн үед өмнө хэлсэн шиг төрөлхийн тэгш бус байдлыг ч тэгшитгэх боломжуудыг эрж хайх болсон.
-Нийгмийн баялгийг тэгш хуваарилах асуудал нь өөрөө боломжгүй утгагүй яриа гэх нь бий. Харин тэгш боломж олгох нь арай дээр гэх байдлаар ойлголтын зөрүүнүүд байна?
-Ойлголтын зөрүү байхаас өөр аргагүй. Нийгэм, улс төр, философийн суурь ойлголт учраас хүн бүрийн үзэл бодол өөр. Гарааны тэгш байдал гэдэг нь хүн хаана, ямар орлоготой гэр бүлд төрсөн, нийгмийн гарал үүслээс үл хамаараад нийгэм эдийн засгийн амьдралд бусадтай ижил боломжтойгоор оролцох нөхцөл бүрдүүлэхийг хэлдэг. Боловсрол, үе хоорондын ялгаварлалгүй байх, тухайн хүний нас, хүйс бүгдийг харгалзан ижил тэгшээр нийгмийн нэг гишүүн болж явах боломж олгох. Харин орлогын тэгш байдал гэдэг нь одоо байгаа хуваарилалтын асуудал. Бүлэг хоорондын ялгаа орлого, ажил эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, тухайн хүний танил талын хүрээлэл, цагийн тэгш бус байдал, мэдээлэл технологийн хэрэгслүүдэд авч байгаа тэгш байдал гэх мэт арт комс гэсэн үг. Монгол Улсын тухайд бодлогын арга хэмжээнүүдийг харахаар илүү хүмүүсийн хэрэгцээ одоо байгаа үр дүнд хандсан мэт гэвч бодит байдалд тийм биш. Гэхдээ гарааны тэгш бус байдлыг арилгах чиглэл рүү авч байгаа бодлого нь бүр дутмаг. Аль аль төрлийн тэгш бус байдал дээр оновчтой бодлого харагдахгүй байна.
-Залхуугаасаа болоод ядуу байгаа хүнд яагаад тэгш байдлыг нь хангана гээд маш их хөдөлмөрлөж орлого олж байгаа хүн өөрийнхөө орлогоос хувиарлах ёстой юм бэ? гэдэг асуудал байна.
-Тухайн тэгш бус байдлыг тухайн хүн юунаас үүсч байгааг нийгэм яаж тайлбарлаж байгаагаас хамаарч либертари маягийн, хувь хүн бол өөрсдийн сонголт байгаа нөхцөл үр дүнгээ хариуцаж байгаа агент гэж үзвэл энэ аргументийг ашигладаг. Нөгөө талаас нийгэм судлаачид хувь хүнээс гадна нийгмийн хандлагыг хардаг .
-Ихэнх хүний хувьд, дийлэнх тохиолдолд тухайн хүний залхуугаас болоод ядуураад байна уу ? өөр нөхцөл шалтгаан байгаа учраас ядуу байна уу? Нийгмийн ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна?
-Үүнийг илүү авч үздэг. Хамаатан саднаар манай тэр ажилсаг болохоор, аль эсвэл залхуу болохоор гэх мэтээр авч үзэж болно. Судлаачид нийгмийн дийлэнх хэсгийг л авч үзнэ. Ингээд харвал Монгол улсад ядуурлын түвшин 30 хувьтай дээр нь ахиад 30 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй. Нийтдээ 60 хувь нь болж байна. Нийт хүмүүсийн орлогыг авч үзвэл хүн амын дөнгөж 10 хувь өндөр орлоготой.
-Тэгш бус байдлын хувьд Монголын нөхцөлд нэн тэргүүнд анхаарах ёстой талбар нь аль вэ? Орлогын тэгш бус байдал уу? Боловсролынх уу? Эрх мэдлийнх үү? гэх мэтээр эрэмбэлж үзвэл…
-Эд хөрөнгө, орлого, боловсрол улс төр эрх мэдлийн тэгш бус байдал гэж би хэлнэ. Яг тэгш бус байдлын биш нийгмийн сайн сайхан байдлын судалгаа хийгдсэн. Монголын үр дүн сонирхолтой гарсан бусад улстай харьцуулахад. Хувь хүний аз жаргал өөрийнх нь хүрээлэл дотроо нилээд сэтгэл ханамжтай.Тэгсэн атлаа өөрийнх нь хүрээллээс гараад нйигмийн асуудал яриад эхлэхээр бүгд сэтгэл ханамжгүй.Улс төр эдийн засгийн асуудлууд зам түгжээ гээд бүгд сөрөг гардаг.
-Манай улсад тухайлан хийсэн тэгш бус байдлын судалгаа байна уу?
-Манай улсад энэ төрлийн судалгаа хийхэд хангалттай дата байдаггүй. Юугаар баримжаалж хэмжиж байна гэхээр хэрэглээ буюу орлого зарлагын зөрүү. Статистикийн мэдээлэл дээр суурилж хүн амыг арван тэнцүү бүлэгт хуваагаад хамгийн орлого багатай хамгийн орлого ихтэй хэсэг орлогын хэдэн хувийг эзэлж байгааг гаргадаг. Жини коэффицент гэж нэрлэдэг. Монгол улсын хувьд 0,32 хувьтай байгаа нь дундаж. Өмч хөрөнгийн асуудлыг оруулдаггүй учраас дутагдалтай. Нийгмийн топ хэсэг судалгаанд төдийлөн хамрагдаад байдаггүй нөгөө талаар хамгийн ядуу хэсэгт ч хүрч чаддаггүй. Тийм учраас дээрх үзүүлэлт 100 хувь бодит байдлыг илэрхийлэхгүй.
-Тэгш бус байдлын эцсийн үр дүн ядуурал. Ядуурлын эсрэг нийгмийн халамжийн бодлогыг улс орнууд хэрэгжүүлдэг. Тэгш бус байдлыг бууруулахад нийгмийн халамж хэр үр дүнтэй байж чаддаг вэ?
-Монгол Улсад халамжийг хүн амын бүлгээр нь илүү өгдөг. Хүүхдүүд эмэгтэйчүүд өндөр настан гэх мэт. Орлогод суурилсан тухайн өрхийн амьдралын стандартад тулгуурласан байж чаддаггүй онцлогтой. Нэг өрхөд оногдож байгаа халамжийн хэмжээ, халамжийн зангад орсон нэг гэр бүлийг авч үзвэл тухайн өрхийг ядуурлаас гаргах, боловсролд хөрөнгө оруулах, хуримтлал бий болгох, арга хэрэгсэл бий болгох амьдралыг өөрчлөх хэмжээнд хүрэхгүй. Хүн амын бүлгээр өгдөг учраас чинээлэг хэсэг халамж авах нь өндөр. Жишээ нь гавьяатуудад өгдөг халамж, тэтгэвэр гэхэд сүүлийн таван жил өндөр цалинтай байсан нь илүү өндөр тогтоолгодог гэх мэт. Халамжийн төсөв хамгийн бага орлоготой 30 хувьдаа хүрч байгаа нь эргэлзээтэй.
-Гарааны тэгш бус байдлын тухайд ярилцья. Тухайлбал улс төрийн намууд томоохон гэгдэж байгаа бизнесүүд тухайн үеийн өмч хувьчлал дээр суурилж өмч хөрөнгөтэй болсон байдаг? Энэ байдлыг залруулах арилгах арга хэрэгслүүд юу байдаг вэ?
-Түүх харвал нийлээд том өөрчлөлтүүд хийж чадсан байдаг. Дэлхийн 1,2-р дайнаас хойш 1980-аад он хүртэл Европ Америкт дайны дараах сэргээн босголт. Тэгш байдал нилээд нэмэгдэж нийгмийн дундаж давхаргынханы нийт үндэстэний хэмжээнд эзлэх орлогын хэмжээ өссөн дүр зураг харагддаг. Энэ үед томоохон бодлогын өөрчлөлтүүдийг хийсэн. Жишээ нь: Прогрессив татвар оногдуулсан. Хоёрдугаарт гарааны тэгш бус байдлыг арилгах зорилготой нийгмийн салбарыг нэлээд санхүүжүүлсэн. Боловсрол, эрүүл мэнд, зам, дэд бүтэц гэх мэт бүх төрлийн нийгмийн үйлчилгээ, хамгааллын систем бүрдүүлсэн.. Монгол Улсын хувьд тэгш бус байдлаа засах боломж өндөр байна.
-Татвар нэмэгдүүлэх арга замаар төрийн оролцоотой тэгш бус байдлыг засах гэж оролдох нь өөрөө тэгш бус арга зам юм бишүү?
-Нийгмийн өндөр орлоготой хэсгийн мэдээлэл бага дата байхгүй. Ямар хэмжээний татвар төлж байгаа, лиценз эзэмших эцсийн өмчлөгч, хэн газар өмчлөөд байгаа, татвар гааль, хэн тендэр аваад байгаа гэх мэт мэдээлэл байхгүй. Энэ бүх мэдээлэл ил тод байж шинжилгээ хийж бүрэн хэмжээний мэдээлэл гарна. Чинээлэг хэсэгт юу болоод байгааг мэдэхгүй байж тэр хүмүүс хохирч хүчээр татвар төлөх гээд байна гэж хамгаалах нь ойлгомжгүй.Тэгш байдал гэдэг суурь ойлголтоо хувь хүмүүсийн эрх чөлөө боломжийг нэмэгдүүлэх арга зам гэж өргөнөөр авч үзвэл өөр.
-Хүүхэд бүгд ижил тэгш байх ёстой гэдэг зарчмаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгодог. Гэтэл нийгмийн өндөр орлоготой хэсэгт энэ нь тийм ч хүртээлтэй биш санагдаж байна?
-Нийгмийн хамгааллын бодлого явуулахад бодлогын зардал маш өндөр гардаг. Тэгэхээр зарим тохиолдолд хүн ам багатай манайх шиг орны хувьд нийтэд нь өгсөнөөр зорилтот халамж бүрдүүлэх бодлогын чадавхигүй учраас даван туулах нэг арга нь болдог. Манай улсын хувьд ийм энгийнчилсэн арга л гэж харагдаж байна.
Сонсогчоос ирсэн асуулт:
-Прогрессив татварын тухайд энэ нь эсрэгээрээ тэгш бус байдлыг улам гааруулж байгаа бусуу? Ийм татвартай Япон, Германы тухайд шинэ бизнес үүсэхгүй байна? Японд гэхэд залуучууд шинээр бизнес хийхгүй ажил хийхийг илүүд үзэж байна. Герман, Япон, АНУ, Англи гээд бүгд өөрийн гэсэн капиталист хөгжлийн онцлогтой. Тэр тухайн улсын экосистемдээ зохицсон бүтцүүдтэй. Япон, Герман үйлдвэрчний эвлэл төр томоохон корпорациуд хоорондоо зөвшилцөж шинэ инноваци гаргах бизнесийн орчноо зохицуулдаг байх жишээтэй. Харин АНУ, Англи гэх мэт орнууд илүү өрсөлдөөнтэй ажилчид нь илүү хөдөлгөөнтэй байдаг. Аль нэг орны системд тохирсон ажиллаж байгаа зүйлийг түүж Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй. Япон бол хувь хүн гэхээсээ илүү корпорациуд гарч ирдэг. Прогрессив татвар бол нэг л арга нь. Монголчуудын хувьд орлогод суурилсан татварын энэ тогтолцооны тухайд одоогоор ярихад эрт байна. Чинээлэг хэсгээ ойлгож мэдээгүй байна.
-Тэгш бус байдал энэ хэвээр байвал Монгол Улс юунд хүрэх вэ? Эцсийн цэг нь хаана байна вэ?
-Миний бодлоор хүн төрөлхтөний түүхээ харах хэрэгтэй. Тэгш бус байдлын хамгийн дээд цэг боолчлол, хөдөлмөрийн мөлжлөг, эдийн засгийн шударга бус өрсөлдөөн.Хамгийн хортой нь бүх салбаруудад нөлөөлж, үржиж дийлдэшгүй хар салхи шиг болно. Нийгмийн сөрөг үр дагавар нь нийгмийн бухимдал, сэтгэл ханамжгүй байдал, үл итгэлцэл. Үнэхээр өөрийнхөө хөдөлмөрөөр цэвэр үнэнчээр амжилтад хүрсэн хэсэгтээ итгэхгүй байх, нийгмийн дээд давхаргад байгаа хүмүүс нь доор байгаа хүмүүсээ үл тоох. Бүх нийгмийн бүлэг хоорондын итгэлцэл байхгүй болох аюултай. Ингэснээр нийгмийг нэг цул болгож байгаа харилцаа суурь нийцэл задрана. Энэ хэрээр гэмт хэрэг ихэснэ, хүмүүс гадагшаа дайжиж эхэлнэ,экстрим хэсгүүд бий болно. Тэгш бус байдлаар хамгийн өндөр үзүүлэлттэй Африк, Латин Америкийн орнуудад болж байгаа тэмцэл бослого, иргэний дайн. Улс төр талаасаа ардчилалд итгэх итгэлгүй болно. Аргентинд юу болж байгааг бид харж байна.Тэгш бус байдал популист бодлогыг хүлээж авах суурь нь ихэснэ. Ямар нэгэн диктатур,эсвэл нийгмийг задалсан бодлогууд явагдана. Тэгш бус байдал гаарахыг хүлээгээд хараад суух боломжгүй. Маш олон арга хэрэгсэл, бодлого, түүх, мэдлэг бидэнд байна. Энэ бүхнийг ашиглаж Монголын нийгэмд залуучууд хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа энэ цаг үеийг алдалгүй ашиглаж өөрчлөх хэрэгтэй.
-Манай Засгийн газар тэгш бус байдлыг арилгах чиглэлд хэр ажиллаж байна вэ?
-Ерөнхийдөө оролдож байгаа гэж бодож байна. Миний амьдарч байгаа Камбож, Зүүн Тимор гээд орнуудад байдал үнэхээр хүнд нийгмийн хамгааллын суурь систем ч байхгүй. Монгол Улс дэлхийн 190 гаруй орноос дунджаас доогуур явж байна.Энэ утгаараа тодорхой хэмжээний ажлууд хийж байна. Гэхдээ тэгш бус байдлыг илэрхийлэх чинээлэг хэсэгт хамаатай дата мэдээлэл дутмаг байна. Ковидын үеийн бүх бодлогууд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ипотекийн зээлийн чөлөөлөлт нийгмийн чинээлэг хэсэгт хүртээмжтэй, зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэх нь асуудалтай байгааг судалгаа харуулсан.