/2023.11.07/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд энэ хүрээнд БНАЛАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ.
Ерөнхий сайд Сонсай Сипандонг манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд 2022 онд тохиосон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг онцлов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Талууд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар болсныг нотлов.
Эх сурвалж: ЕТГ