/2023.11.06/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт нутагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Уг үзэгдлийн улмаас орон нутагт нийт 8 хүн золгүй байдлаар амиа алджээ.
Тодруулбал,
Төв аймаг, Эрдэнэсант сумын Сайн хөндлөн гэдэг газар тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22:38 цагт Онцгой бадйлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С 45 настай, эмэгтэйг хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 13:07 цагт иргэн С 45 настай, эмэгтэй, Е 12 настай, эрэгтэй нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумын Сүх далайх гэдэг газар тус сумын харьяат малчин Ж нь 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлага ирсний дагуу Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж 43 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тухайн өдрийн 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газраас цогцсыг олсон.
Төв аймаг, Эрдэнэсант сумын Уртын гол гэдэг газар тус сумын харьяат малчин А нь 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23:38 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А 35 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газраас цогцсыг олсон.
Төв аймаг, Эрдэнэсант сумын Эрээн-Ухаа гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б 42 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газраас цогцсыг олсон.
Төв аймаг, Лүн сумын Аргалын-Энгэр гэдэг газар тус сумын харьяат малчин Г нь 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г 47 настай, эмэгтэйн цогцсыг гэрээс нь урд зүгт 2 км-т Бор толгой гэдэг газраас цогцсыг олсон.
Баян-Өлгий аймаг, Буянт сумын Өмнө гол гэдэг газар Шар нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын 6 алба хаагчтай хамтран очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин живсэн бөгөөд иргэн Э 53 настай, эрэгтэй, Н 52 настай, эмэгтэй нар нуурын мөсөн дээр нас барсан, иргэн С 53 настай, эмэгтэй, Н 53 настай, эрэгтэй нар эсэн мэнд айлд очсон байсан. Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ