/2023.10.25/: Хятадын цагдаа нар нядалгааны газар руу явж байсан 1000 орчим муурыг аварсан байна.
Цагдаа нар муурны махыг гахайн мах, хонины мах хэмээн залилан худалддаг хууль бус наймааг таслан зогсоосноор махтай холбоотой хүнсний аюулгүй байдлын асуудал Хятад даяар үүслээ.
Энэ сарын эхээр амьтан хамгаалагчдын мэдээллийн дагуу Хятадын зүүн хэсгийн Жянсу мужийн Жанжиаганы офицерууд муурнуудыг цуглуулж, тээвэрлэж явсан машиныг саатуулсан гэж Хятадын төрийн харьяа мэдээллийн "The Paper" мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, муурнуудыг нядалж, гахайн мах, хурганы шорлог, хиам болгохоор өмнө зүг рүү тээвэрлэж явсан байх магадлалтай байгаа аж.
Цагдаа болон хөдөө аж ахуйн эрх баригчид хууль бус наймаачдад ирэх байсан 20,500 долларын орлогыг таслан зогсоосон гэж мэдэгдсэн бөгөөд муурнуудыг ойролцоох хоргодох газар руу явуулсан гэж The Paper мэдээлэв.
Мэдээлэлд ямар нэгэн баривчилгаа хийсэн эсэх, муурнууд тэнэмэл эсвэл тэжээвэр амьтан байсан эсэх талаар дурдаагүй байна.
Муурыг аварсан идэвхитнүүдийн нэг нь хэлэхдээ, нэг фунт муурны махыг хонь, гахайн мах гэж 4 доллараар зарах боломжтой гэжээ. Нэг муурыг боловсруулсны дараа 4-5 фунт жин татдаг байна.
Эх сурвалж: CNN