/2023.10.19/: Москва Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг "бүрэн дэмжинэ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.
БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа ноён Лавров мөн тус улс Украинд явуулж буй дайнд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Түүний энэ удаагийн айлчлалаас харахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад айлчилж болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.
Украинд ашиглах зэвсгийг Умард Солонгосоос Орос руу их хэмжээгээр илгээж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт АНУ мэдэгдсэн.
Долоодугаар сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мөн Хойд Солонгост айлчилж, тус улсын хамгийн сүүлийн үеийн зэвсэг, тэр дундаа “Хвасон” тив алгасагч баллистик пуужинг үзсэн юм.
Лхагва гарагт болсон албан ёсны хүлээн авалтын үеэр ноён Лавров Москвагийн зүгээс ноён Кимийг "бүрэн дэмжинэ" гэдгээ амлаж, АНУ болон түүний холбоотнуудыг "ОХУ-ын эсрэг дайн" эхлүүлж байна гэж буруутгав.
Тэрээр мөн ноён Путин, ноён Ким нар өнгөрсөн сард уулзах үеэр хийсэн тохиролцоог хэрэгжүүлэх талаар ярилцахаар ирсэн гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ноён Лавров Кимтэй айлчлалынхаа үеэр уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Гэсэн хэдий ч Вашингтон Москва Украины эсрэг хийж буй дайнд зориулж Пхеньянаас зэвсэг худалдан авч байгааг анхааруулж, Умардын зүгээс үзүүлэх аливаа тусламж нь НҮБ-ын тогтоолыг зөрчинө гэж мэдэгджээ.
Баасан гарагт АНУ тагнуулаас, нотлох баримтыг нийтэлсэн бөгөөд энэ нь сум, их бууг шилжүүлж эхэлснийг харуулж байна.
Хиймэл дагуулын зургаар есдүгээр сарын эхээр Хойд Солонгосын Нанжин боомтоос Оросын зүүн эрэг дэх Дунай руу 300 чингэлэг тээвэрлэж, дараа нь Украины хилийн ойролцоо Тихорецкийн ойролцоох цэргийн агуулахад хүргэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС