/2023.10.18/: Сэлэнгэ аймаг, Сайхан сумын “Дэрст булан” гэдэг газар есдүгээр сарын 24-ний өдөр 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон хэрэг гарсан.
Уг хүнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдөр Онцгой байдлын албанд ирүүлсэн юм.
Онцгой байдлын албанаас эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь аравдугаар сарын 05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс аравдугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн дахин ирүүлжээ.
Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э 61 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ