/2023.10.9/ Засгийн газраас 2024 оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Ирэх оны төсвийг сонгуульд зориулсан төсөв л битгий болгоорой" хэмээж байв.
Гэтэл ХҮН намынхан ирэх оны төсөвт дүн шинжилгээ хийсний эцэст "Сонгуульд зориулсан төсөв" гэж дүгнэжээ. Тус дүгнэлтэд:
-Төсвийн зарлагыг өмнөх оноос 5,1 их наядаар эрс нэмэгдүүлж, 27,1 их наяд төгрөгт хүргэснийг судлаачдын зүгээс "Сонгуульд зориулсан төсөв" хэмээн дүгнэхэд хүрлээ гэжээ. Цааш нь:
-Монголбанк инфляцийн түвшинг 2024 онд 6+- 2%-д барих зорилт тавьж байхад Засгийн газрын төсөв 5,1 их наядаар тэлсэн нь нийцэхгүй байна. Энэ нь төсөв мөнгөний бодлогын уялдааг хангахгүй байгааг гэрчилнэ гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны долдугаар сард төсвийн ажилтнуудын цалинг нэмсэн. Тиймээс дараагийн нэмэлт нь багадаа зургаан сарын дараа байх ёстой. Ингээд бодвол яалт ч үгүй дөрөвдүгээр сард таарч байгаа юм" хэмээн тайлбарласан.
Харин ХҮН намынхан дөрөвдүгээр сард тааруулж буй энэ нэмэгдэл нь "Сонгуульд зориулсан арга хэмжээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварыг 5-7 хувь бууруулахаар байна" гэж мэдэгдлээ.