/2023.10.03/: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв.
Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байна гэдгийг тодотгов.
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж.
Эх сурвалж: УИХ