УИХ-ын намрын чуулганы нээлт: ОНЦЛОХ 9 ЭШЛЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын намрын чуулганы нээлт: ОНЦЛОХ 9 ЭШЛЭЛ

/2023.10.02/: Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ бол энэ удаагийн УИХ-ын сүүлчийн намрын чуулган юм.

Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох 9 эшлэлийг хүргэж байна.

1. УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөтгөсөн. Хянан шалгах түр хороо, Нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт, оролцооны эрхийг энэ хуулиар баталгаажуулсан. Одоо иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг та бид тууштай хэрэгжүүлэх ёстой.

2. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсэж байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой.

3. Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
​​​​
4. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүсье.

5. Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардаж байна.

6.Уул уурхай дагасан хэт цөөнхийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ ёсоор сэргээж, олонхын оролцоог дэмжсэн, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

7. Монголчууд бид дан саар биш, дажгүй олон сайн үйл явцын эхлэл дээр бас байна. Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц 4.0 тэрбум долларыг давлаа. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь авлигатай хийж буй тэмцлийн нэг бодит үр дүн мөн. Гацаа саадууд, бугшсан буруу бүхнийг оношлон зассанаар, тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болох боломж байна.

8. Ирэх онд бид шинэ тогтолцоогоор, анхны сонгуулиа хийнэ. Одооноос бэлтгэлийг маш сайн хангах ёстой. Энэ мэт олон шинэ сорилт шийдэл бидний өмнө байна. Алдаанаасаа суралцаж, буруугаа засаж, Шинэ сэргэлтийн төлөө тэмүүлсэн бидний хамтын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй ээ. Алдаагаа засах тусам ардчилал төгөлдөрших ёстой. Үүний үр дүнд улс төрийн цоо шинэ соёл, хандлага тогтож, тэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна.

9. Намрын чуулганы нэг томоохон ажил бол Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байхад онцгойлон анхаарахыг Эрхэм гишүүд та бүхнээс хүсэж байна.

Намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
Намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.