/2023.10.04/: Италийн хойд хэсэгт орших Венецийн ойролцоо гадаадын жуулчдыг тээвэрлэж явсан автобус 15 метр өндрөөс унаж, шатсаны улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 18 хүн шархадсан талаар албаныхан мэдэгдлээ.
Автобус мягмар гарагийн орой орон нутгийн цагаар 19:45 цагт замаас гарч, хаалт мөргөснөөр цахилгааны шугам руу унаж, шатсан байна.
Венецийн хотын дарга Луижи Бругнаро амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан Венецид албан ёсны гашуудал зарласан гэв.
Un’immane tragedia ha colpito questa sera la nostra comunità.
— Luigi Brugnaro (@LuigiBrugnaro) October 3, 2023
Ho disposto da subito il lutto cittadino, in memoria delle numerose vittime che erano nell’autobus caduto.
Una scena apocalittica, non ci sono parole. pic.twitter.com/APnsQoPMkL
[Албан бус орчуулга: Өнөө орой манай нийгэмд маш том эмгэнэлт явдал тохиолдов. Унасан автобусанд байсан хохирогчдын дурсгалд зориулж би тэр даруй хотод эмгэнэл зарлахыг тушаалаа. Апокалипсийн дүр зураг, хэлэх ч үг алга.]
Аймшигт осол юунаас болсон нь тодорхойгүй байна.
Венец хотын зөвлөлийн гишүүн Ренато Борасо автобусанд 40 зорчигч явсан бөгөөд тэдний 21 нь нас барж, 18 нь шархадсан гэв.
Ослоор шархадсан хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг Борасо анхааруулав.
Амь үрэгдэгсдийн тав нь Украин, нэг нь Герман байсан гэж Венецийн Дотоод хэргийн яамны орон нутгийн төлөөлөгч Микеле Ди Бари мэдэгдэв. Автобусанд Франц, Хорватын зорчигчид байсан гэж Италийн ANSA агентлаг мэдээллээ.
Мөн түүний хэлснээр хохирогчдын дунд хоёр хүүхэд байгаа аж.
Мягмар гарагийн орой аврагчид автобусны сэгийг гаргахаар тэмцсэн хэвээр байгаа бөгөөд автобусны дотор өөр зорчигчид гацсан эсэхийг шалгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Aljazeera