/2023.09.28/: Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ. Үүнээс зургаан байгууллагын дулаалгын ажил бүрэн дууссан бол нэг сургуулийн дулаалгын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсролын салбарт нийт 65 төсөл арга хэмжээнд их засвар хийхээр баталсан. Эдгээр төслөөс 28 нь нээлттэй сонгон шалгаруулалтаар, 37 нь харьцуулалтын аргаар тендер зарлажээ.
Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийг засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд 190 арга хэмжээ төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж буй. Үүнээс урсгал засварын 150 ажил 88 хувийн гүйцэтгэлтэй бол автомашин, тээврийн хэрэгслийн болон бусад ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Нийслэлийн Түргэн тусламжийн Хан-Уул дахь салбарын гадна фасад, бохирын шугам, цэвэр усны шугам татах ажил дууссан. Мөн тус дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын Б блокийн гадна фасад тохижилтын ажил дуусжээ. Одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн халуун усны шугамын ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийн засварын ажилд анхаарах шаардлагатай байгааг онцолж байв.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн байгууламжийн нэг байгууллагын ажил доголдоход бусад ажилд саад учирна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлын уялдаа холбоог хангах зорилгоор энэ уулзалтыг хийж, тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг авч байна. Арга хэмжээ авах шаардлагатай байршлуудыг тодорхойлж, тухайн байршилд холбогдох албаныхны хамт ажиллан, тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэхээр ажиллана” хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ