/2023.09.27/: Өмнөд Солонгос сүүлийн 10 жилд анх удаа цэргийн парад хийлээ.
Энэхүү арга хэмжээнд БНСУ өөрийн армийн танк болон пуужингуудаа үзүүлсэн бөгөөд мөн дэвшилтэт зэвсгүүдээ ч үзүүлжээ.
БНСУ-ын Зэвсэгт хүчний 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү парад нь Солонгосын хойгт хурцадмал байдал гүнзгийрсэн, Хойд Солонгосын эсрэг Өмнөд Солонгос АНУ, Японтой ойртож байгаа энэ үед болж байна.
Өчигдөр өглөө Сөүлийн Агаарын баазад ёслолын ажиллагаа болж, үзүүлбэр үзүүлж, ерөнхийлөгч Юн Сук Ёол Хойд Солонгосыг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулж үг хэлснээр эхэлсэн байна.
"Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл манай эвсэл хариу арга хэмжээ авснаар түүний дэглэм зогсох болно" гэж Юн хэлсэн байна.
Өмнөд Солонгост 2013 оноос хойш анх удаа болж буй уг парад цэрэг, цэргийн техник хэрэгсэлтэйгээр Сөүл хотын төв ордон болон түүхэн Гванхвамун талбайн хажуугаар өнгөрчээ.
Уг арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын хэдэн мянган цэрэг, АНУ-ын 300 гаруй цэрэг жагссан гэж Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Бусад үзүүлбэрт цэргийн анги тус бүрээс цэргийн оркестр, туг баригчид, оролцсон байна.
Үзэсгэлэнд нисгэгчгүй онгоц, танк, хуягт тээвэрлэгч гэх мэт төрөл бүрийн дотоодын тоног төхөөрөмжүүдээ дэлгэн үзүүлжээ. Тээврийн хэрэгсэлтэй цэргүүд хажуугаар өнгөрөхдөө олон түмэн рүү даллаж байв.
Олон улсын тагнуулын алба өнгөрсөн жилээс Пхеньян цөмийн туршилтаа сэргээхээр бэлтгэж магадгүй гэдгийг сансрын хиймэл дагуулаас авсан зургаар газар доорх цөмийн туршилтын талбайнх нь идэвхжил байгааг харуулжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Юн, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсооход чиглэгдсэн шинэ хэлэлцээр, тэр дундаа 1980-аад оны эхэн үеэс хойш анх удаа цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцыг Өмнөд Солонгост байршуулах тухай АНУ-аас амлалт авсан тухайгаа зарлаж байв.
Юн, Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кишида нар наймдугаар сард мөн түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, шинэ цэргийн сургуулилт, хямралын үед холбоо барих утсыг зарлав.
Эх сурвалж: CNN