Монгол-Японы оюутан залуучуудын солилцооны форум боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Японы оюутан залуучуудын солилцооны форум боллоо

/2023.09.27/: “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны форум” 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.

Монгол Улсын Гадаад харилцааны яам Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан уг форум нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Монгол, Японы оюутан залуучууд эв санаагаа нэгтгэн байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Форумд Япон Улсын Цүкүба, Нихон, Чиба, Окаяма, Тотторигийн их сургууль, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, ойжуулах чиглэлээр суралцаж буй 30 гаруй оюутан, багш нар оролцов.

Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Г.Хулан, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ш.Кикүма нар оролцож, үг хэлэв.

ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын захирал Г.Хулан форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиосон бөгөөд хоёр улсын Засгийн газар ойн жилийг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан өргөн хүрээний олон арга хэмжээ, түүний дотор Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны анхдугаар форумыг Япон Улсад амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумаар дамжуулан Монгол, Японы ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон оюутан залуучуудын найрамдал, нөхөрлөл улам бүр бэхжиж, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрээр илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж дэвшүүлсэн мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, бүс нутаг, даян дэлхийн сайн сайхан ирээдүйг цогцлооход хувь нэмэр оруулах нэгдмэл зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхээр тогтоод буйг тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэхийг зорьж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих чиглэлд хоёр улсын оюутан залуучууд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах сэдвийн дор ийнхүү чуулж буй нь “хүн төвтэй” харилцааг улам бүр гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Форумын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ болон байр суурийн талаар илтгэл тавьж, хоёр орны оюутан залуучууд ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, цөлжилт, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Япон Улсын Засгийн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тууштай дэмжиж, 5 жилийн хугацаанд 50 мянган орчим мод тарьж ойжуулах төсөл болон 20 мянга орчим монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ илэрхийлээд буй бөгөөд энэхүү форум нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах эерэг хүчин зүйл болж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: ГХЯ

Хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
Хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.