/2023.9.25/ Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс ирэх оны тавдугаар сар хүртэл Францын Нанте түүхийн музейд "Чингис Хаан ба Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" үзэсгэлэн тавигдах гэж байна.
Үзэсгэлэнг олон төрлөөр хүргэхийн тулд танхимд дуу дүрсний олон боломжийг бий болгожээ. Тухайлсан сэдвүүд дээр, жишээ нь, Торгоны зам, Чингис хааны тухай болон тухайн үеийн газрын зургийг илэрхийлсэн богино кинонууд хийснийгээ мөн үзүүлж сонирхуулах гэнэ. Зарим зургууд нь мэдрэгчтэй дэлгэцтэй байх бөгөөд түүнд хүрэх үед илүү бодитойгоор харуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр гурван метрийн өндөртэй нэгэн үзмэр тавигдах ажээ.
Түүхэн 13-р зуунд Монголын их гүрэн эх дэлхийн 22 хувийг дангаар захирч, Чингисийн ач Хубилай Юань гүрнийг байгуулж, одоогийн Бээжин хотод нийслэлээ байгуулан, агуу хаан болж байлаа. Тэрбээр 1279 онд бүх хятадыг эзлэн суусан анхны монгол хаан болж байв.
Үзэсгэлэнгийн онцлог нь Франц болон европын орнуудад тархсан Монголын үндэсний ховор үзмэрүүдийг дэлгэн харуулах аж. Мөн Улаанбаатар, Чингис хааны музейгээс ховор үзмэрүүдийг дэлгэхээр болжээ.
Энэхүү үзэсгэлэнг дэлгэснээр Чингис хааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийн зэрэгцээ тухайн үеийн монголчууд дэлхийн түүхэнд ямар өөрчлөлтүүдийг бий болгож, орчин цагийн дэлхийн суурийг тавьсан талаарх мэдээллийг давхар өгөх гэнэ.
Хятадаас Газар дундын тэнгис хүртэлх өргөн уудам газар нутгийг захирахдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, шашны даяаршлыг бий болгож, хүлээн зөвшөөрүүлж чадсан, ингэснээр дэлхий дахинд салбар бүрт харилцан суралцах, хамтаар хөгжих боломжийг бий болгож байжээ.
Эх сурвалж: https://www.levoyageanantes.fr