/2023.09.13/: Украины арми Крымын Севастополь боомт дахь усан онгоцны засварын байгууламж руу нэг шөнийн дотор өргөн хэмжээний довтолгоо хийсэн тухай Оросын Батлан хамгаалах яам болон Украины мэдээллээс мэдээлэв.
Украины зэвсэгт хүчин “Севастопол дахь С.Оржоникидзегийн нэрэмжит усан онгоцны засварын үйлдвэр рүү 10 далавчит пуужингаар цохилт өгсөн. Украйн Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудын нэг хэсэг рүү гурван хүнгүй завь илгээсэн" гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв..
Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн долоон далавчит пуужинг сөнөөж, эргүүлийн хөлөг онгоц хүнгүй бүх завийг устгасан гэж мэдэгдсэн боловч "засвар хийж буй хоёр хөлөг онгоц дайсны далавчит пуужинд өртөж гэмтсэн" гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
ОХУ-аас томилогдсон Севастополь хотын захирагч Михаил Развожаев ч мөн томоохон халдлага болсныг баталж, пуужингийн цохилтоос болж гал гарсан гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр 24 хүн шархадсан бөгөөд дөрвөн хүний биеийн байдал дунд зэрэг байгаа аж.
Оросын нэгэн албан бус цэргийн блогчин "Дизель цахилгаанаар ажилладаг Ростов-на-Дону шумбагч онгоц болон том десантын Минск хөлөг онгоц шатсан. Хоёр хөлөг онгоц хуурай усан онгоцны зогсоолд засвар хийж байсан" гэжээ.
Өөр нэг албан бус мэдээгээр Украин Британид үйлдвэрлэсэн "Storm Shadow" пуужинг ашигласан гэж мэдэгджээ.
Энэ халдлага нь Украины цэргүүдийн боомт руу хийсэн хамгийн амбицтай халдлага байсан бололтой. Өмнө нь Севастополь хотод нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, далайн боомтоор нэвтрэхийг оролдож байсан юм.
Эх сурвалж: CNN