/2023.08.24/: Оросын нийслэл Москвагийн хойд хэсэгт осолдсон онгоцонд Вагнерын хөлсний цэргийн ахлагч Евгений Пригожин зорчиж яваад амиа алдсан гэж таамаглаж байна.
Мөн Вагнер группын хөтлөн явуулдаг телеграм платформд Пригожиныг амиа алдсан талаар бичсэн байна.
Оросын нисэхийн албаныхан лхагва гарагийн орой Москва-Санкт-Петербург хотын хооронд нисч явсан Embraer Legacy онгоц Москвагийн хойд хэсэгт орших Тверь мужид осолдсоныг баталжээ.
ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлаг "Осолдсон онгоцонд зорчиж явсан" хүмүүсийн жагсаалтад Евгений Пригожинийн нэрийг оруулжээ.
Хувийн онгоцонд долоон зорчигч, багийн гурван гишүүн сууж явсан ба одоогоор бүх зорчигчдын цогцсыг гаргаад байгаа аж.
Пригожин амиа алдсан гэх мэдээллийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Би энэ мэдээг сонсоод тэгтлээ гайхахгүй байна" гэсэн бол "ОХУ-ын Ерөнхийлөгч уг хэрэгтэй холбоотой болов уу" гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээд "Орос улсад Путины оролцоогүй хэрэг гэж бараг байдаггүй гэж хариулжээ.
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк Твиттер дээр болсон явдлын талаар өөрийн бодлоо илэрхийлэхдээ "Пригожин Лукашенкогийн хэцүүхэн "баталгаа" болон Путины утгагүй үгэнд итгэсэн тэр мөчид өөрийгөө цаазлах тусгай тушаалд гарын үсэг зурсан. Төрийн эргэлт хийх оролдлого хийснээс хойш хоёр сарын дараа Пригожин болон Вагнерын томоохон албан тушаалтныг устгасан энэхүү үйлдэл нь 2024 оны сонгуулийн өмнөх Оросын элитүүдэд Путинээс өгсөн дохио юм. Болгоомжлоорой" гэжээ.
Одоогоор Пригожин уг ослоор амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: ВВС