/2023.08.18/: Тус форум нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн форумыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Форумд Монголын талын 400 гаруй аж ахуй нэгж, Японы талын 100 аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд худалдааг дэмжих, ICT буюу мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм.
Мөн өнөөдрийн арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Тус техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлснээр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахад хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЭЗХЯ