/2023.08.18/: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд “Нүүдэлчин” фестивал болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс бэлтгэлээ бүрэн хангажээ.
Маргааш эхлэх “Нүүдэлчин” фестивалийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын “СЭРСЭН ТАЛ” гайхамшигт аялгууг 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжим, удирдаач УГЗ Н.Буянбаатарын удирдлага дор эгшиглүүлэх ажээ.
Үзэгч та бүхэн Үндэсний бахархлын энэ өдрүүдэд Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , эрийн 3 наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэж сонирхоорой.
Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм.
Эх сурвалж: Соёлын яам