/2023.08.10/: Хавайн Мауи арлыг хамарсан ойн түймрийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдэгдлээ.
Номхон далайн ойр орчимд үүссэн хар салхины улмаас үүссэн түймрийн улмаас олон мянган хүн цахилгаангүй, гар утасгүй болжээ.
Мөн Мауитай зэргэлдээ орших Хавайн арал гэгддэг Том арал дээр хэд хэдэн түймэр асч байна.
Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг албаныхан хэлж байна. Гэвч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүйг тэд анхаарууллаа.
Эрх баригчид хөрш зэргэлдээх газруудыг нүүлгэн шилжүүлж, замуудыг хааж, олон мянган нүүлгэн шилжүүлэгсдийг байрлуулах хоргодох байруудыг нээжээ.
Аялал жуулчлалын алдартай газар болох Мауи руу хүмүүсийг ирэхийг хориглосон яаралтай тушаалд гарын үсэг зурав.
"Бидний хоргодох байрууд дүүрсэн, бид чадах бүхнээ хийж байна" гэж мужийн захирагч Сильвия Лук орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Мауи арал дээр 4000 орчим жуулчин арлыг орхихыг хичээж байна гэж мужийн тээврийн албаны ажилтан Эд Сниффен мэдэгдэв.
Мөн 29 орчим цахилгааны шон нурсны улмаас олон мянган хүн үүрэн холбооны сүлжээгүй болсон байна. Орон сууц, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна гэж албаныхан мэдэгдэв.
Онцгой байдлыг хариуцаж буй хошууч генерал Кеннет С Хара хэлэхдээ, одоогийн байдлаар "амь нас аврах, хүмүүсийг аюулгүй байлгах, их хэмжээний эд хөрөнгийн алдагдлыг бууруулах" нь нэн тэргүүний зорилт болоод байна гэв.
PowerOutage.Us сайтын мэдээлснээр Хавай мужид одоогийн байдлаар 12,000 гаруй хүн цахилгаангүй байгаа аж.
Сүйрлийн ихэнх нь Мауи арлын Лахайна хотод болсон байна. Хотын боомт дахь бүх завь шатсан талаар нутгийн нэг иргэн хэвлэлд ярьжээ.
Оршин суугчид түймрээс зугтахын тулд ус руу зугтсан тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын эргийн хамгаалалтын алба 12 хүнийг аварсан гэж мэдэгдэв.
Одоогийн байдлаар түлэгдсэн 20, амиа алдсан зургаан хүн байгаа хэдийг ч энэхүү тоо нэмэгдэх хандлагатай байгааг мужийн захирагч анхааруулаад байна.