Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

/2023.08.10/: Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг ажлыг эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ.

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

Эх сурвалж: ЗГ

Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг даалгалаа
Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг даалгалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.