/2023.08.01/: Монголын Үндэсний музей, Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхим, Монгол судлалын төв хамтран “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны 1-3 дугаар сар хүртэл явагдсан бөгөөд төслийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой юм.
Уг төслийн судалгааны үр дүнг Кембрижийн Их сургуулийн нээлттэй фестивалиар хэлэлцүүлэн олноо хүргэсэн ба төслийн зорилго, судалгааны үр дүнг Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй үзмэр эд өлгөөр дамжуулан тусгай үзэсгэлэнгээр хүргэхийг зорьж байгаа билээ.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11:00 цагаас болно.
Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдсэнээс тухайлан дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгдэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжон ламын хувцас хэрэглэл зэрэг болно.
Эх сурвалж: Соёлын яам